Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай…

2020 оны сонгуулиар МАН 62 суудал авч, УИХ-д олонх болчихлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар улиран томилогдож, үүрэгт ажилдаа ханцуй шамлаад орчихлоо. Харин одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар багаа бүрдүүлэхдээ ямар хүмүүсээс сонголт хийхийг олон нийтэд анхааралтай ажиглаж байна. УИХ болон Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой бөгөөд төрд ажилласан дадлага туршлагатай, удирдах ажлын арга барилтай, урдах ажлаа сайн мэддэг тийм ЛИДЕР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР багаа бүрдүүлэх ёстой.

Сайдын сэнтийд хэн залрах бол гэсэн сураг ажиг сүүлийн өдрүүдэд сошиалаар тархаж, тархаад зогсохгүй хэл ам таталж, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр олон нийтийг залхааж эхэллээ. Түүгээр зогсохгүй ХАР ПИАР-ын троллчин гарууд хүртэл зүгээр суусангүй. Ээлжит жүжгээ дэглэж, түүнд нь сэтгүүлчдээс авахуулаад жирийн иргэд хүртэл өөрсдөө ч мэдэхгүй татагдаж орчихлоо. Сошиал орчинд нэг намын хоёр хүнийг сайдын албан тушаал булаалдсан мэтээр худал мэдээлэл тарааж, олон нийтийг хоёр хэсэгт талцуулсан сөрөг хандлага газар авч, олон хүний зэвүү дургүйцлийг зэрэг хүргээд авлаа.

2020 он Монголын төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага, үзэл санааг үндсээр нь өөрчилж, коронавирусийн цар тахалаас үүдэн хүн төрөлхтөн илүү энэрэнгүй бас хүнлэг байхыг цаг үе шаардаж байна. Шинэ уур амьсгал бас улс төрийн хүрээнд салхилж, саяын сонгуулиар 13 эмэгтэй гишүүнийг УИХ-д ард түмэн өөрсдийгөө төлөөл хэмээн илгээснийг харж болно. Цар тахалын үед хийж хэрэгжүүлсэн ажлаа дуусга гэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн итгэл хүлээлгэж, СОНГОЛТОО хийсэн нь дамжиггүй. Тэгвэл ард олны энэ их “ДЭМЖЛЭГ”-ийг үл ойшоовол дараагийн 4 жилд олон нийт өөрсдийн дүнгээ тавих нь тодорхой. Ард түмний сонголт нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө цааш тууштай ажиллаж,

ТҮМЭН ОЛОНДОО ЭЭЛТЭЙ,

ТӨР ЗАСАГТАА ДЭМТЭЙ байхыг дэмжсэнийг бүү март!!!

Харин одоо чиг үүргийн яамдаас бусад салбарын сайд нарыг тохоон томилохдоо У.Хүрэлсүхийн Засгийн газар үе үеийн төлөөллийг оролцуулахдаа улс төрд эмэгтэйчүүдийг түлхүү оруулж ирж ажиллах нь ЗӨВ ГАРЦ, ГАРГАЛГАА болно. Энэ бол олны ярьдгаар НИЙГМИЙН ЗАХИАЛГА ч гэж хэлж болох талтай. Саяын сонгуулиар ард түмэн улс төрд шинэ залуу үеийг дэмжиж, тэр чигээр нь шахуу УИХ-д хоёр гараа өргөөд дэмжчихлээ. Гэхдээ ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР байдаггүй шиг, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ гэж үгүй билээ. Улс төрд ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН, ХАТ СУУСАН, БУУРЬ ЗААСАН, УХААН УРАЛДУУЛСАН туршлагатай бөгөөд зангарагтай эмэгтэйчүүдийг одоо төрдөө зүтгүүлж, хүчийг нь ашиглаж, сайн ажиллуулах ёстой. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Хүрэлсүхийн Засгийн газарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь олон нийтийн анхаарлыг татсан хэвээрээ…

Дээр өгүүлсэн албан ёсны эмэгтэйчүүдийн квотоор дүйцүүлэн үзвэл энэ удаагийн шинээр байгуулагдах Засгийн газрын танхимд 3-4 эмэгтэйчүүд байх ёстой болох нь илэрхий байна. Улиран томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын Жендерийн үндэсний хорооны даргын албыг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Тэр ч хариуцлагаараа жендерийн тэгш оролцоонд хэр зэрэг мэдрэмжтэй хандахыг одоо бид харах үлдлээ. Юутай ч МАН-ын эмэгтэйчүүд дотор төрд бэлтгэгдсэн, туршлага суусан, намын болон төрийн аль ч ажилд сайтар нухлагдсан хүмүүс цөөнгүй. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН залуу эмэгтэйчүүдийг улс төрд сойсон нь алдаа байгаагүй гэдэг нь нотлогдож, нэлээдгүй хэсэг нь УИХ-д сонгогдсоныг нэрлэж болно. Харин одоо УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан нар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах магадлалтай гэсэн сураг сонсогдож эхэллээ. Энэ яриа сонгуулиас ч өмнө нэлээн дээхэн үеэс тодорхой хүрээнийхний дунд яригдаж байгаа асуудал гэлцэх нь дуулдана лээ.

Ирэх 4 жилд Монгол улсын эдийн засаг хямралд өртөж болзошгүй их сорилтын он жил байх болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зайлшгүй нүүр тулж мэдэх эдийн засгийн их хямралыг гарз багатай даван туулахын тулд салбар салбараа гартаа оруулсан, сайн мэргэшсэн, мэргэжлийн чиг баримжаатай, төрд болон тухайн салбартаа ажиллаж байсан арвин туршлагатай хүмүүсийг багтаа авах хүсэлтэй байгаа нь мэдээж. Гэвч “Тааж мэддэг Таванхаан биш” болохоор аливааг урьдчилан хэлж, прогноз гаргах боломж үнэндээ хомс байгааг хэлчих нь шударга байх. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аливаа ашиг сонирхлын зөрчилтэй, хэсэг бүлэг фракцын албан шахалтад орж, “улс төрийн машин”-д хэрчигдэхгүй гэж хэлэх баталгаа одоогоор алга байна. Шинэ Засгийн газарт ажиллах магадалтай гэх сайд нарын нэр чих дэлсээд эхэлснийг хальт дуулгачихъя. Иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч, сайдын суудалд суух магадлалтай дараах эрхмүүдийг нэрсийг уншигч та бүхэнд хүргэе.

💯 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл – Ж.Чинбүрэн

💯 Сангийн сайд Х.Булгантуяа – Х.Хүрэлбаатар

💯 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг – Д.Цогтбаатар

💯 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Л.Амгалан – Д.Тэрбишдагва

💯 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол – Д.Цэрэнбат

Гэвч ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа хүлээж, улиран томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хэлсэн үгэндээ хүрч, ноён нуруугаа алдахгүйгээр шинээр байгуулагдах Засгийн газрын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх ёстой 25%-ийн квотоо барьж ажиллаасай гэж хүсэлт илгээмээр байна. Зөв төлөвшсөн, ажлаа сайтар мэддэг, хат сууж хал үзсэн, хүчирхэг эмэгтэйчүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бусдаас онцгойрох давуу тал, ялгарах тод өнгө байж чадна гэдгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг