Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ

Монголбанк 2020 оны зургаадугаар дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ.
Ингэснээр 2020 он гарснаас хойш худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 10.8 тоннд хүрч байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 9.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны зургаадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан авав. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны зургаадугаар сард 156,422.38  төгрөг байлаа.