Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр Элчин сайд Филип Малоун Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байгаа талаар дурдаад хоёр орны зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол, Британийн тээврийн салбарт хамтарч ажиллаж байгаа билээ. Тухайлбал Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн.

Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын үйлдвэрлэлд “Пандрол” компанийн бэхэлгээг авч ашиглаж байгааг дурдаад цаашид төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа тул Пандрол компанитай ярьж байсан бэхэлгээний системийн тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэдэг байхад анхаарч бодит ажил хэрэг болгохыг Сайд Л.Халтар  Элчин сайдаас хүссэн байна.