Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун есдүгээр сарын 9-нд ЛАЙВ ТОГЛОЛТ хийнэ

Г.Бөхчулуун гэх залууг үндэсний урлагаа дэлхийн тайзнаа толилуулж Австралийн “The Voice” шоуны содон бөгөөд хүчтэй оролцогчдын нэг байсан гэдгээр нь хүмүүс танина.

Тэгвэл тэрээр есдүгээр сарын 9-ний лхагва гарагт “Behind Doors” youtube хуудсаар дамжуулан лайв тоглолт хийх гэж буй аж. Австралийн цагаар 17:00 цагт эхлэх лайв тоглолтыг Монголоос үзэх үзэгчид цагийн зөрүүнээс шалтгаалан 15:00 цагаас хүлээн авах боломжтой.

Уг тоглолтоор “Гол”, “Мазаалайд”, “Ээж, аавдаа” зэрэг уран бүтээлүүдээ хүргэх юм.

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан сайхан мэдээг бид анхлан дуулгаж байсан юм. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан. Г.Бөхчулуун дөрвөн шүүгч дасгалжуулагчаас Гай Себастьяныг сонгож, түүний багийн гишүүн болж байв.

Тэрээр “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн  ба тэд хамтдаа алдарт “Earth Song” дууг тайзнаа амилуулсан юм. Харин харамсалтай нь тэрээр халз тулааны шатнаас хасагдаж, шоугаа ахин үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.