Хоёр настнууд цэцэрлэгт хамрагдана

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирусийн нөхцөл байдлын улмаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаас хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хоёр настнуудын асуудлыг онцолж үүрэг даалгавар өгсөн.

Өнөөдрийн байдлаар 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, ажил хийх боломж нь хомсдолтой байна.

Тиймээс стандарт шаардлагыг нь хангуулаад төр, хувийн болон хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг явуулах шийдвэр гаргалаа. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын болон хувийн цэцэрлэгүүдээс гадна хүүхэд харах 159 төв үйл ажиллагаа явуулж байна.