Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 29 сая 500 мянгад хүрлээ

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар  авсан хүний тоо сүүлийн мэдээгээр  29 сая  500 мянгад хүрлээ.  Өнгөрсөн  24 цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо 242 мянга гаруйгаар,  нас баралт 4400 орчмоор нэмэгдсэн  байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо  сүүлийн мэдээгээр 21 сая 300 мянгад хүрээд байна.

Энэтхэг улс сүүлийн  өдрүүдэд  “Ковид-19″-ийн халдварын тархалтын голомт болсон хэвээр  байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 81 мянга  911 хүн  халдвар авч, 1054  хүн нас барсан  байна.  Халдварын нийт тохиолдлын тоо  4 сая  930 мянгад  хүрч байна. Тэрбум 300 гаруй хүн амтай Энэтхэг улсын 57 сая 240 мянга  гаруй  хүнд коронавирусний шинжилгээ  хийгээд байгаа аж. Харин халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн АНУ-д  өнгөрсөн 1 хоногт 38000  тохиолдол  бүртгэгдсэн  бол нас баралт 480-аар нэмэгдсэн байна. 

Энэ хооронд АНУ-д Британи-Шведийн хамтарсан “Астразенека” компанийн вакцины  туршилтыг зогсоосон хэвээр байна. Одоогоор Америкийн хүнс, эмийн  бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газрын шалгалтын дүн гартал вакцины туршилтыг сэргээхгүй хэмээн мэдэгдэж байгаа. Харин Их Британи, Бразилд Астразенекагийн вакцины эмнэлзүйн  туршилтыг  сэргээжээ.

ОХУ-ын “Вектор-5” вакцины эхний хэсгийг Санктпетербург хотын эмнэлэгт хүргэсэн мэдээ ирж байна. Тус хотын удирдлагуудын мэдэгдсэнээр шинэ коронавирусний  энэ вакциныг  эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнуудад хийхээр төлөвлөж байгаа юм.  Хятадад өнгөрсөн нэг хоногт халдварын 10 тохиолдол нэмж  бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж  ирсэн  болох нь  батлагдсан.

Тус улсад  ихэнх үйлдвэр аж ахуйн газрууд үйл ажиллагаагаа  сэргээгээд байгаагийн дээр сургууль, цэцэрлэгүүдийн ч танхимын сургалт эхлээд  байгаа билээ. Мөн АНУ-ын Төрийн департаментаас коронавирусний цар тахалтай холбоотойгоор Хятадад зорчихгүй байхыг иргэддээ зөвлөмж  болгож байсныгаа  өөрчилсөн  байна. Тодруулбал, Хятадад  зорчихгүй байхыг зөвлөмж болгосон урьдчилсан анхааруулгын 4 дүгээр түвшингээ  3 болгож  бууруулжээ. Үүний зэрэгцээ Хятадад ирэх 11, 12  сараас  коронавирусний вакциныг олон нийтэд  хийж  эхлэхээр төлөвлөж байна.

Энэ тухай  Хятадын  өвчний хяналт урьдчилсан  сэргийлэх төвийн био аюулгүй байдлын шинжээч У Гуйчжэнь  Си Жи Ти энд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Вакцины  эмнэлзүйн 3 дахь шатны  туршилт амжилттай  яьж байгаа  учир иргэдийг вакцинжуулалтад удахгүй хамруулах боломж бүрдэнэ гэж тэрээр үзэж байгаагаа мэдэгдсэн төдийгүй өөрөө ч вакцинжуулалтад хамрагдсан, гаж нөлөө илрээгүйг мэдэгдсэн байна.

Европын орнуудад  коронавирусний халдварын тархалт  өндөр байгаа  хэдий ч өчигдрөөс  Испани, Итали улсуудад ерөнхий боловсролын  сургуулиуды танхимын хичээл эхлээд байна. Испанийн Каталонид  л гэхэд  1,5  сая  сурагч 6 сарын дараа анх удаагаа  танхимд хичээллэж эхэллээ. Италид хоногт  халдварын 1000-1500 орчим тохиолдол бүртгэгдэж  байгаа хэдий ч өнгөрсөн даваа гарагаас эхлэн 8  сая сурагчийн 5,6  сая нь хичээл  сургуульдаа эргэн  ороод байна.