Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ

Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хоёр өдрийн  уулзалтыг ийнхүү хойшлуулсан байна.

“Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ш.Мишелийн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч Бельгийн дүрэм журмын дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ.