Г.Наранцэцэг их дуулгаас хүрэл медаль хүртжээ

 

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 23-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртжээ.

Г.Наранцэцэг эхний тойрогтоо Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Чилийн Мэри Ди Варгас Лейг 2:15 минутад гурван торгуулиар буюу цэвэр ялсан. Улмаар шилдэг 1/8 шигшээд Гранд Слам, Гран При тэмцээний аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Португалийн Катарина Костаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн Андреа Стожадиновт 3:19 минутад даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн тойрогт 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрт Испаний Лаура Мартинес Абелендаг 2:47 минутад хоёр вазари үнэлгээ авч ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан байна.

Тэрээр хүрэл медалийн төлөө Израилын Шира Ришониг нэмэлт цагт торгуулиар ялснаар Гранд Слам ангилалд хоёр дахь хүрэл медалиа авчээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Л.Өнөболд, -66 кг-д Б.Эрхэмбаяр нар тавдугаар байр эзэлсэн байна.

Цар тахлын улмаас долоон сарын турш завсарласны дараа эргэн ирж буй тус тэмцээнд 61 орны 409 жүдоч оролцож байгаа юм.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо