Тэмээгээр 720 км замыг 24 хоногт туулах “GOBI CHALLENGE 2020” эхэллээ

“Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сангийн хамтын санаачилгаар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төслийг өнөөдрөөс /2020.10.26/ эхлүүлж байна. Реалити шоуны оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна.

Энэ талаар төслийн санаачлагч, “Эрхэт Монгол” медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр дараах мэдээллийг өгч байна.

Дэлхийн тэмээн сүргийн 90 хувийг наран тэмээ буюу ганц бөхт тэмээ эзэлдэг бол ердөө 10 орчим хувь нь Монгол говийн үнэт эрдэнэ болсон хоёр бөхт тэмээ юм. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсэн уламжлал угтаа Хүннү гүрний үүсэл, түүхтэй холбоотой байдаг.Өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвартай, халуун нар, өвлийн хүйтэнд дасан зохицож амьдрах чадамжтай, өргөслөг, өвөрмөц ургамлаар хооллож идээшсэн гээд говь цөлийн экологийн ховор нөхцөлд амьдрах гайхалтай зохицолтой хоёр бөхт тэмээ Монголчуудын, Монгол говийн, говьчууд бидний бахархал билээ.

Би өөрөө говийн хүүхэд. Тэмээг хайрлах, бишрэх ухаан хар багаас яс, цусанд минь шингэжээ. Тийм ч учраас тэмээн соёлыг тэртээ алсад түгээхийг хүсэж, монгол хүн бүр хоёр бөхт тэмээгээ хайрлаж, дээдэлдэг байгаасай гэж бодож явдаг. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл иргэншил, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах нэгэн том жим нь болжээ.

Нүүдлийн ахуйн өвөрмөц шинжийг илэрхийлэх Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн дотоодын төдийгүй гадаадын жуулчид, хэрэглэгчдийн хамгийн хэрэгцээт худалдан авалт болж, дэлхийн зах зээлд амжилттай байр сууриа эзэлжээ.

Говийн аялал жуулчлал сүүлийн жилүүдэд сэргэж байна. Монголыг тэмээгээр дамжуулан дэлхийд сурталчлах өргөн боломжууд бидний өмнө байна. Үүний нэг хэсэг болгож “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сангийн хамтын санаачилгаар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төслийг өнөөдрөөс эхлүүлж байгааг дуулгахад таатай байна.

Аялал жуулчлалын идэвхтэй бус улиралд жуулчдыг хэрхэн татах вэ гэдэг дээр үргэлж анхаарч байх ёстой. Экотуризмын загвар болох энэхүү төслөө бид уламжлалт нүүдэлчин, малчин соёлыг дэмжсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, Монгол говийн үзэсгэлэн, ёс заншлыг түгээсэн, орон нутгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлсэн, хамгийн гол нь өвлийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт, хөгжлийн гарц нээсэн олон улсын хэмжээний төсөл болгох зорилго тавьж байгаа юм.

“Говь чалленж” реалити шоугаа бид энэ жил дотооддоо зохион байгуулж байна. Ирэх жил олон улсаас олон жуулчин, сонирхогчид нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсад маань ажиллаж амьдардаг, Монгол ёс заншил, хэлийг мэдэрч, мэдэрдэг гадаадын иргэдийг оролцуулахыг зорьж байна.

“Говь чалленж” реалити шоуны оролцогчид нэг сарын турш Өмнийн говьд тэмээгээр аялна. Найман цуврал нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэх болно. Үүний хажуугаар мөн тэмээн соёл, тэмээн жин, тэмээн аяллын тухай баримтат кино бэлтгэн, “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээх бэлтгэл хангагдсан.

Тэмээн соёлоороо дамжуулж бид Монголоо сурталчилна.

Монгол Улсын Эдийн засгийн тэргүүлэх чиглэл уул уурхайн боловч аялал жуулчлалын салбар бас нэгэн гол гарц нь гэдэгт би итгэдэг хүн. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд маань байгаа юм байна гэдгийг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад энэ агуу өв соёлыг ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл маань томоохон хувь нэмэр оруулах юм.

“Говь чалленж” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа. Тэмээн аяллыг хамтран зохион байгуулж, төслийн зохицуулагч, хөтөчөөр ажиллах саналыг хүлээн авсан тэмээчин Н.Байгальмаа, “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон зориг зүрх гарган оролцож буй 10 оролцогч, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, ивээн тэтгэгч “Энержи ресурс”, “Ард” санхүүгийн нэгдэл, “Мандар” групп, бидний үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” нэгдэл болон хамтран ажиллаж байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

Монгол говийн дэлхийд хосгүй гайхамшгийг түгээх төслийг маань дэмжиж байгаа үзэгч, дэмжигч олондоо ч талархал уламжилъя.