Т.Бархүү: Хүн мартдаг тулдаа л амьдардаг юм байна

Гялалзсан эрч хүчтэй, нөр их авьяастай, монголын театр кино урлагт тодорсон нэгэн өвөрмөц фигур Т.Бархүү буюу Мефистофель. Түүний тоглосон “Төлөөс” кино ид дэлгэцнээ гарч байгаа өдрүүд. Арваннэгдүгээр сар бүхэлдээ Т.Бархүүгийн сар ажээ. Сонгодог дуу торох юмгүй дуулчихдаг Т.Бархүү сонгодог жүжгийн гол дүрийг бүтээх мэдээ олны анхаарлыг татаж байгаа. “Фауст” нэрийг нь сонсоод л бодолд автаад суучих хэмжээний том бүтээл. Хэд ч үзэж хэд ч уншсан ханахгүй, мэдрэмж хөглөнө. “Чөтгөр сайхан залуу, чөтгөр эвэргүй, чөтгөр хүнээс илүү хүмүүсийг боддог” түүний дүрийн шугам нь ийм. Ер нь Т.Бархүү өөрөө магадгүй тэр дүртэйгээ ойр ч юм шиг. Түүнээс бид хэзээ юу гарахыг мэдэж, тоглосон дүрийг нь хайрцаглаж чадаж байлаа даа. 

-Үүнээс өмнө “Фауст” хоёр удаа тавигдсан. Жүжигчин СТА Л.Эрдэнэ-Очир моно хэлбэрээр, МУГЖ Л.Баттулга “Фауст”-д яг таны дүрд тоглосон хувилбаруудыг би үзсэн юм. Маргаритад Аглуугийн гэргий тоглож байсан. Та өмнө нь тоглогдсон энэ хоёр Фаустыг үзсэн үү?

-Би “Фауст”-ыг сүүлд үзсэн. Надад төсөөлснөөс дээгүүр санагдсан. Зохиол дээр задлаж үзэх, жүжиг хэлбэрээр үзэх өөр. Энэ жүжиг яг юуг хэлэх гээд байгаа юм, би юуг хэлэх ёстой юм гээд өөрөө жүжигтээ ороод, зохиолоо задлаад ажиллахаар олон нарийн зүйлс олж харж байгаа юм. Гёте гэдэг хүн амьдралынхаа 60 жилийг зориулж бичсэн, дэлхийн сонгодог ноён оргилын гурвынх нь нэг болох энэхүү бүтээлд улам их дурлаж байна. Жүжигчин хүн болгон Мефистофельд тоглож үзэхийг боддог, сонгодог бүтээлд тоглохыг хүсдэг. Гагцхүү дэлгүүрийн лангуун дээрх хувцас ч эзэнтэй байдаг шиг дүр ч гэсэн тухайн эзэндээ очих цаг хугацаа, хувь тавилан, сэтгэлийн дуудлага гэж зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Миний хувьд Мефистофельд тоглох цаг иржээ. Сэтгэлзүйн хувьд энэ жүжигт тоглох саналыг хүлээж авах, бэлтгэл хийх үйл явц нэг л өөр тайван байгаа.

-Шулуухан асуучихад та Аглуугийн бүтээсэн чөтгөрийн дүрд өөрийгөө хэр тоглоно гэж бодож байна?

-Мэдээж муу тоглож болохгүй. Аглуу ахын тоглохыг харсан учраас би арай өөр өнцгөөс, өөр талаас  тоглох нь ойлгомжтой. Хэрэв би Аглуу ах шиг жүжиглэх юм бол “Яг түүн шиг” шоунд орсон нь дээр байлгүй дээ /инээв.сурв/. Арай өөр талаас нь тоглох гэж найруулагч, уран бүтээлч хүмүүстэйгээ хамтран энэ жүжиг дээр ажиллаж байна. Хэт их хүлээлтийг үзэгчид битгий тавиасай гэж хүсч байна. Яагаад гэхлээр төсөөллөөс давахгүй байх тохиолдол байхыг бас үгүйсгэхгүй.

-Саяхан таны гол дүрийг нь бүтээсэн “Төлөөс” киног би үзсэн юм. Таны бүтээсэн дүрүүдийн level одоо арай өөр болчихож гэж харлаа. Няхуур, нухацтай, юун “Гэрлэн дохио” киноны Цэнгэл. Та урлагийн карьертаа restart хийгээд байна уу?

-Ер нь уран бүтээлч хүн байнга өөрөө өөртөө шинэчлэлт өөрчлөлт хийхийг бодож, тэмүүлж байх учиртай. Одоо би 20 гаруй настай залуугийн дүр бүтээх ч юм уу, тоглох санал авна гэдэг төсөөлөлтэй байж болохгүй. Миний бүтээсэн дүр нийгэмд яавал тус дэмтэй, үлгэр дуурайлалтай байх вэ гэдэг өнцгөөс бодох цаг нь болсон. Би дүрээрээ сайн, муугийн ялгааг дэнслэн ньюансыг харуулах болсон гэж боддог. Өөрийн тань хэлж байгаагаар дараагийн шат ирсэн. Их гярхай харсан байна шүү. Түүнээс гадна залуу үеийнхэнтэй хөл нийлүүлж алхаад, тэднээрээ хөтлүүлж явах, заримдаа түрүүлж алхах хэрэгтэй. Ямар дуу сонсож, ямар хувцас өмсөж байна гэхчлэн цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг нийгэм шаардаж байна. Дараагийн шатанд Бархүү илүү философилог, үзэл бодол, өөр талаас гарч ирэхгүй бол болохгүй. Бие бялдар, оюун санааны хувьд ч тэр агуулгаараа том байх гэсэн утгатай. Миний байнга бодож байдаг нэг зүйл бол гэр бүл. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг үзэл бодлоо уран бүтээлдээ хадгалж явахыг хичээдэг. Өөрийн  хийсэн  “Худалч залуу”, “Танхай тээгч” кинонд үр хүүхэд, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан, “Алтан өндөг” кинонд амьдрал мөнгө, хайр, гэр бүлийн алин дээр нь тогтож буйг харуулахыг зорьсон. “Хөөрхөн ээжтэй охин” кинондоо гэр бүл тогтвортой байгаасай гэсэн санааг шингээсэн.

-Та “Alpha” театртай цаашид хамтрах уу? Шинэ уран бүтээлийн хувьд?

-Шинэ жил болох гэж байна. Бидний шинэ жилийн сэдэвтэй уран бүтээл контент хэлбэрээр биш, уран сайхны кино байж яагаад болохгүй гэж. Бодсон зүйл их байна. “Х-Түц” продакшны 25 жилийн ойг угтсан уран бүтээлүүд туурвих болно. Үүнээс гадна миний “Тэнгэр” продакшн байдаг. Дараагийн уран бүтээл маань олон ангит кино руу чиглэх хандлагатай байна. Хүмүүстэй яриад, ажил хэрэг болгоод явж байна.
-Ингэхэд та ямар дэглэм барьдаг вэ. Үргэлж сайхан харагддаг, хүсэмжит залуусын жагсаалтанд амьдрал дээр ч уран бүтээл дээр ч байна? 

-Айхтар дэглэм бариад байсан юм бол байхгүй ээ. Санасныг бодоход миний бие амархан турж, бас амархан таргалдаг онцлогтой. Яг үнэндээ Төлөөс киноны зураг авалтын үеэр их тарган байжээ. Киногоо үзээд харамсаж байдаг шүү. Харин одоо “Фауст” жүжгийн нээлтээр даруй арван килограмм турна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь өглөөний цайгаа сайн ууж, өдрийн хоолоо сайн идээд, орой багахан идвэл жингээ бариад байх шинжтэй байдаг юм шиг санагддаг.
-Таны авьяасыг хамгийн их оргилуулдаг зүйл юу вэ. Юунаас эрч хүч авч байна?

-Мэдээж уран бүтээлийн хувьд хамгийн гол зүйл бол зохиол байдаг. Хэлэх гэсэн санаа болон агуулгын хувьд далайцтай байж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх  нь ойлгомжтой зохиол байвал бид бүхэн улам илүү эрч хүчийг авч, урам зоригтой ажилладаг. Сайхан зохиолоос гадна тэрхүү бүтээл дээр ажиллаж байгаа гар нийлсэн сайхан баг хамт олноос эрч хүчийг авдаг.

-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Сайхан салхинд гарах эсвэл кино үзэх, ямар нэгэн үзвэр, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх. Сайхан гэр бүлтэй байхад стресс, бухимдлаас хол байдаг юм даа. Охид маань хөөрхөн шүү дээ. Хөөрхөн хөөрхөн юм яриад л … Тэгээд хүн мартдаг тулдаа л амьдардаг юм байна. Олон л стресс бухимдал байна. Тэр болгоныг санаад л байвал хэцүүднэ шүү дээ.

-Таны тоглосон “Төлөөс” кино ойрхон үзэгдээгүй эцэг хүн, эр хүний сайхан чанарыг дөвийлгөж харуулсан өнцөгтэй уран бүтээл байна лээ. Жинхэнэ эр хүн, эцэг хүн ямар байх ёстой вэ?

-Жинхэнэ эр хүн, жинхэнэ эцэг хүн бол хэзээ  худлаа ярьдаггүй, амласнаа биелүүлдэг л байх ёстой. Хэзээ ч урвахгүй байх ёстой.

-Бархүүгийн салшгүй имиж бүрдүүлдэг зүйл юу вэ? 

-Магадгүй энэ миний дутагдал байх. Гадна талаасаа бол нэг тийм яриад байх имижгүй. Яах вэ, дотогшоо нь өнгийгөөд харвал миний ертөнц байгаа.

-Та өөрийгөө гурван үгээр тодорхойлбол? 

-Хүү, хань, аав.

Нээрээ л бодоход Т.Бархүү хувийн тоглолт хийж, өөрийгөө дөвийлгөх гэж хичээж байгаагүй юм шиг. Тэр зөвхөн бүтээж байгаа дүр, хийж буй уран бүтээлдээ хаашаа ч хазайлгүй төвлөрдөг. Сонгодог бүтээл өөр нэг шинэ Бархүүг бидэнд харуулна. Ид хийж бүтээх нас гэдэг шиг ид шандсаа сорих цаг мөч түүний өмнө байна. Уран бүтээлийн амжилт хүсье. 

Ярилцсан Б.Ундрал