УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ НЬ ШҮҮХ ЗАСАГЛАЛ

 

 

Сүүлийн жилүүдэд улс төр, бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн “гар хөл” бологсодоо хууль шүүхийн салбарт оруулах оролдлого гарах болсон. Тэр бүү хэл нэр бүхий банкны гэгдэх шүүгч өөрийн банктай холбоотой хэргийг шүүсэн тохиолдолд ч гарсан нь саяхан. Өнөөдөр ч өөр нэгэн “банк” өөрийн шүүгчээ дээд шүүхэд шургуулахаар ид маргаан өрнөж байна. Энэ мэт шүүхийг завхруулдаг байдлыг нэн даруй зогсоож, тогтолцоог нэг мөр засварлахгүй бол шүүгчид гэмгүй иргэдийг хэлсдүүлж, өнгө мөнгөнд үйлчилдэг гэх хардлага, хардлага биш болж цаашид даамжран “хэлмэгдүүлэлт” ч эхлэх нөхцөл бүрдээд байна.

Аливаа улс төрийн тэмцлийн явцад ялан дийлсэн бүлэглэл нөгөө хэсгээ егүүтгэх нь ёс мэт хэрэгжиж ирсэн түүх олон байдаг. Үүний хамгийн тод бөгөөд одоог хүртэл үгүй болоогүй үлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт ажээ.

Манай улсын түүхийн шарлаагүй хуудаст “Лхүмбийн хэрэг”-ээс эхлэн түүхэнд “Их хэлмэгдүүлэлт” хэмээн тэмдэглэгдсэн аймшигт улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 оны хоморголсон баривчилгаагаар эхэлж, Монголын нийгмийн бүх давхаргыг хамран нам, төр, цэргийн удирдах зүтгэлтэн, тайж ноёд, лам нар, жирийн иргэд гээд 35 мянга гаруй хүнийг хилсээр шийтгэн хэлмэгдүүлсэн гашуун, бас цуст түүхийн уршгийг өнөө хэрнэ ариглаж чадаагүй байгаа билээ.

Энэхүү  “их хэлмэгдүүлэлт”-ийн зохиомол хэргүүдийг ЗХУ-ын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссоос орос хэл дээр бичиж ирүүлсэн материалыг Монголд ажиллаж байсан Коминтернийн зөвлөхүүд шууд ялын тогтоол болгон уншиж, шүүхгүйгээр шийдвэрлэн олон мянган хүний аминд хүрсэн байдаг.

Харин орчин үед улс төрийн өрсөлдөгчөө намнах, улс төрийн хэлмэгдүүлэлтээ шүүх тогтолцоогоор дамжуулан гүйцэтгэхдээ эрх мэдлээ ашиглан хувь шүүгчид нөлөөлөхөөс гадна хэвлэл мэдээлэл, цахим сүлжээг ашиглан шүүгчдийн шийдвэр гаргах процесст нөлөөлөх, шүүхийн хууль бус шийдвэрийг нийгмийн сэтгэл зүйлд хүлээн зөвшөөрүүлэх зэрэг олон арга хэлбэрийг ашигладаг болсон нь монголд далд биш болж, “шударга бусын хонгил” хэмээх албан бус боловч албан мэт нэр томъёог бий болгосныг бид хэвийн үзэгдэл мэт хардаг, хэрэглэдэг болжээ.

Монгол Улсад орчин үеийн шүүхийн тогтолцоо нэгэнт бүрэлдэн бий болж, эрх зүйт төрийн зарчмын дагуу аливаа хүн гагцхүү хуулийн дор захирагдан амьдарч буй мэт боловч дээрх төрлийн балмад улс төрийн хэлмэгдүүлэлт гарах нөхцөлийг бүрэн үгүй хийсэн гэх аргагүй байгаа юм. Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд манай улсын шүүхийн тогтолцоо дахь шүүхийн хараат бус байдлын үнэлгээ 140 улс орноос 120 дугаар байранд орж, сүүл мушгиж байгаа тоо баримт байгаа нь манай улсын шүүх тогтолцоо хэн нэгнийг улс төр, бизнесийн зорилгоор намнах хэрэгсэл болохгүй гэх газаргүйг илтгэх мэт.

Энэ ч утгаараа шүүх тогтолцоог сайжруулах, шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг идеаль түвшинд хүргэх, эрх зүйн боловсрол болон ёс зүйн дээд үнэлэмжийг бий болгоход чиглэсэн шинэчлэлт, сайжруулалтыг бодлогын түвшинд шүүхийн шинэчлэлтийн хүрээнд хийх нь зүйтэй бөгөөд зайлшгүй юм.

Шүүхийн хуулийг шүүхийн тогтолцооны шинэчлэлт, сайжруулалттай хамтатган нэн даруй хийх нь дотоодын элдэв бүлэглэл явцуу эрх ашигтаа үл аялдсан улс төрчөө атгандаа оруулах, мөн гадаадын элдэв хүчний гар хөл бологсод улс төр, эдийн засгийн нөлөөллөө манай улсад нэг мөр тогтоон их, бага хэлмэгдүүлэлт дахин гаргахаас сэргийлэх чухал ач холбогдолтой бөгөөд манай улсын нэн тулгамдсан асуудал болж байна.