Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг батлан даалтад гаргажээ

 

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан тухай мэдээлж байсан.

Гэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр: /2020.10.29/

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.