Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.

Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Нийслэлийн Онцгой комисс “Шуурхай штаб” байгуулан өдөр бүр тодорхой цагуудад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн цар тахлын тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон. Улмаар 118 шинжилгээний төвийг байгуулан түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59.346 иргэнд хийж, Улаанбаатар хотод 2020 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 63 тохиолдол батлагдан эмчлэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 30 тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна.

Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй бүх автобусанд дундын болон эцсийн зогсоолуудад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж буй. Мөн зорчигч иргэдийн хоорондын зай, суудлын тоог тогтоож, амны хаалтыг зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан тогтмол хяналт тавиж ажиллаж байгаа юм.

Түүнчлэн ойрын болон дам хавьтлын байр, өрөө тасалгааны нийт 1 сая 760 мянган метр квадрат талбайд голомтын эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон урьдчилсан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ. Мөн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн болон авто замын хөдөлгөөнийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг нэвтрүүлэн, өнөөдрийн байдлаар 17 мянган тээврийн хэрэгсэлд тодорхой цагуудад замын хөдөлгөөнд QR кодоор оролцох боломжтой болоод байна.

 

Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг онцоллоо

Нийслэлийн удирдлагын зүгээс коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцөд хяналт тавьж судалгааг гарган ажиллаж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа аж.

Улмаар нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлэн, өрхийн хэрэгцээний хүнс болон хүйтний улиралд түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан, 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоор төлөвлөж 4150 өрхөд олгоод байна. Мөн орон гэргүй 248 иргэнийг тогтоож, 169 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай  төв болон түр байршуулан үйлчилгээ үзүүлдэг зургаан төрийн бус байгууллагад хүргэжээ. Тэдгээр иргэнд шинжилгээнд хамруулан, амны хаалт, ариутгалын бодис материал, хоол хүнсээр хангах ажлын зохион байгуулсан. Цаашид коронавирусийн халдварыг таслан зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов.

НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс