С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн байна.

Хэргийг өмнө нь хамтад шалгаж байгаад 2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр салгаж хянахаар болж байв. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэг хэмээн тусгаарласан.

Гэвч 12 дугаар сарын 1-ний өдөр С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм.


2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноож байв.

Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.