Сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 54 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хичээлийн жилд “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт:(танхимын ба цахим хичээл) асуудал, шийдэл” сэдэвтэйгээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго багш нарын судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байна.

Эрдэм шинжилгээний хурлын анхан шатыг цэцэрлэг, сургуулийн түвшинд 12 дугаар сард, дунд шатыг аймаг, дүүргийн түвшинд хоёрдугаар сард, үндэсний түвшинд COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Эрдэм шинжилгээний цахим хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс хоёр үе шатад амжилттай оролцсон нийт 30 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, МУБИС-ийн багш нарын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг ажиллаж байна.

Цахим хуралд нийслэлээс 28 хувь, аймгаас 56 хувь, 16 хувь нь сумын төвөөс оролцож байна. Нийт багш нарын 9 хувь нь зөвлөх, 28 хувь нь тэргүүлэх, 35 хувь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар оролцож байгаагийн зэрэгцээ нийт оролцогчдын 56 орчим хувь нь анх удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байв.

Энэ удаад багш, удирдах ажилтнууд сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц танхимын ба цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт, цаашид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх боломж шийдлүүдийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ирүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ.