Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Өчигдөр улсын хэмжээнд 50,371 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 466,946 хүн вакцины анхны тунгаа хийлгэжээ. Энэ нь зорилтот 2 сая хүний 22.6 хувь юм. Нийслэлийн хэмжээнд 2 хүн тутмын 1 нь Ковид-19-ийн эсрэг вакциндаа хамрагдлаа.

Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.

Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.