Оросын Ерөнхийлөгч Владимир Путин алдарт гимнастикч, олимпын аварга Алина Кабаевагаас төрсөн гурван хүүхэдтэй гэж АНУ-ын Wall Street Journal /WSJ/ мэдээлжээ. Тиймээс АНУ Кабаевагийн эсрэг хориг арга хэмжээ авах хувилбарыг авч үзсэн ч эцсийн мөчид энэ санаанаас татгалзсан тухай мэдээлсэн байна.
Путин болон Кабаева нарын харилцаа Оросын төдийгүй барууны улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хориотой сэдэв байсаар иржээ.
WSJ Америкийн нэрийг нь нууцалсан албан тушаалтнуудын үгийг эш татан бичихдээ, АНУ-ын эрх баригчид 39 настай Кабаеваг /үнэн хэрэгтээ 38 настай/ Оросын Ерөнхийлөгчийн найз бүсгүй хэмээж, Ерөнхийлөгчийн гурван хүүхдийг төрүүлсэн бөгөөд Путины хилийн чанад дахь хувийн хөрөнгийг нь нуун дарагдуулж байна гэж сэжиглэж байна гэжээ.
Тиймээс Кабаеваг Америкийн хоригийн гол бай болгосон байна. Гэвч түүний эсрэг хориг арга хэмжээ авснаар Путиныг ихээхэн уурлуулж, цаашдаа Орос, Америкийн харилцааг улам хурцадмал байдалд хүргэн, Украинтай хийх энхийн хэлэлцээрт саад хийж болзошгүй гэж үзсэн тул энэ санаагаа түр хойш тавиад байгаа аж.
АНУ болон Европын тусгай албаныхны үзэж буйгаар Кабаева нь Швейцарт удаан хугацаанд амьдарчээ. Түүнийг Женев хотод өндөр ханаар хүрээлүүлсэн сууцанд амьдардаг тухай Америкийн албан тушаалтнууд мэдээлсэн байна. Энэ сард Украины эрх баригчид Швейцарийн засгийн газарт Кабаеваг нэвтрүүлэхгүй байх, мөн түүний эд хөрөнгийг хураах тухай шаардлага хүргүүлсэн боловч Швейцарийн эрх баригчид Кабаева тус улсад байгаа гэх нотолгоо алга гэж хариулсан тухай мөн WSJ мэдээлжээ.
WSJ-ын мэдээлснээр Кабаевагийн нэр анх 2001 онд Кремлийн сайтад дурдагдаж байв. 2008 онд "Московский корреспондент" сонин Путин тухайн үед эхнэртэй байсан ч Кабаевад гэрлэх санал тавьсан тухай бичиж байсан аж. Гэвч Путин энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд хэд хоногийн дараа тус сонингийн редакц хаагдсан байна. Энэ үеэр Кабаева спортоо орхин "Единая Россия" намаас гарсан парламентын гишүүн болжээ. 2014 онд тэрээр гишүүн байхаа больж, "Үндэсний медиа групп"-ийн ТУЗ-ийн дарга болсон байна.
Түүнчлэн WSJ-ын бичсэнээр 2013 оноос Кабаева болон түүний хамаатнууд Орост зургаан орон сууц, хоёр байшин болон эдлэн газартай болсон тухай мэдээлжээ. Швейцар, Европ, Америкийн албан тушаалтнуудын мэдээлснээр Кабаева 2015 онд Путины хүүхдийг Швейцарийн дээд зэрэглэлийн эмнэлэгт төрүүлсэн байна. Тухайн үед Путин олны өмнө найм хоног харагдаагүй бөгөөд түүнийг Кабаеватай хамт байсан гэж таамаглаж байжээ. Харин 2019 онд Кабаева Москвад байхдаа ихэр хүүхэд төрүүлсэн тухай "Московский комсомолец" сонины сайтад мэдээлсэн ч мэдээ удалгүй устсан байна.
ВВС агентлаг дээрх мэдээллийн баталгаатай эсэхийг тогтоогоогүй гэж бичжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна