Дэлхийн гоо сайхны олимп болох 71 дэх удаагийн "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах тэмцээн эхэлж, шилдэг 14 оролцогч тодроод байна. Жил бүр 190 гаруй улс оронд шууд дамжуулж, тэрбум гаруй хүн үздэг хамгийн олон үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй энэхүү шоунд манай улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил өнжсөний эцэст гурав дахь тэмцээнээ ийнхүү эхэллээ.
"Miss Universe Mongolia" тэмцээн жил бүр оролцогч охидын санаачилгаар нийгэмд тулгамдсан нэг асуудлыг хөндөж, дуу хоолойгоо нэгтгэх, бусдад нөлөөлөх, эерэг хандлага түгээх чиглэлд төсөл хэрэгжүүлдэг. Энэ жилийн тухайд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг уриалга дэвшүүлжээ.
Судалгаагаар, сүүлийн 80 жилд дэлхийн дундаж температур 1 хэмээр нэмэгдсэн бол харин Монгол улсад 2.6 хэмээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, манайд дулаарал хэд дахин эрчимтэй явагдаж байна. Мөн нийт газар нутгийн 76 хувь ямар нэгэн байдлаар цөлжилт, газрын доройтолд өртсөн. Энэ тоо цаашлаад 90 хувьд хүрэх магадлалтайг судлаачид анхааруулсаар ирсэн.
Тиймээс гоо бүсгүйчүүд нийгэмд нөлөөлөх ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр болж, төслийн нээлтээ Баянгол цэцэрлэгт хүрээлэнд хийлээ. Тэмцээний ялагч долоодугаар сард тодрох бөгөөд дэлхийн финалын үеэр 90 орны гоо бүсгүйчүүдийг улс улсдаа мод тарих хөдөлгөөн өрнүүлэхэд уриалах, мөн Монгол улсын иргэдийн тэрбум мод тарьж буй идэвх зүтгэлийг сурталчлах томоохон зорилго өвөртлөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна