Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната намын хоёр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт болсон телевизийн мэтгэлцээний үеэр Исламын шашныг үүсгэн байгуулагч Мухаммедыг доромжилсон агуулгатай зүйл ярьсан нь олон улсын хүрээнд томоохон маргаан үүсгээд байна.
Арабын ертөнцийн таван улсаас гадна Пакистан, Афганистан улсууд Энэтхэгийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлж, уучлал гуйхыг шаарджээ.
Сошиал орчинд Энэтхэг барааг бойкотлох хөдөлгөөн өрнөж, Катар, Кувейт улсын зарим дэлгүүр, худалдааны төвүүд Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнийг лангуунаасаа хураасан байна.
Ерөнхий сайд Нарендра Модигийн нам Ням гарагийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байсан юм. Гэвч Арабын орнуудын эсэргүүцэл эрчимжсэн тулд маргаан үүсгэсэн намын хэвлэлийн төлөөлөгч Нупур Шармаг ажлаас нь чөлөөлж, Дели хотын хорооны ажилтан Навин Жиндалыг намаасаа хөөжээ.
“Доромжилсон үг хэллэг нь шашны үзэн ядалтыг дэврээж, дэлхийн хоёр тэрбум гаруй муслим хүнийг бухимдуулж байна” гэж Катар улсын гадаад хэргийн яамнаас Даваа гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн Энэтхэгийн засгийн газарт муслимуудаас уучлал гуйхыг шаарджээ.
Кувейт, Оман, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсуудын төр засаг, шашны тэргүүнүүд мөн Энэтхэгийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлээд байна.
Даваа гарагт Пакистаны гадаад хэргийн яам Энэтхэгийн элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, шашнаар ялгаварлан гадуурхах үзлийг далдуур дэмжиж буй Нарендра Модигийн засгийн газрыг шүүмжилжээ.
Афганистан дахь Талибаны засгийн газар мөн эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Шашны маргаан зөрчил Энэтхэгийн дотоодод ч асуудал үүсгээд байна. Даваа гарагт тус улсын санхүүгийн төв Мумбай хот болон бусад хотуудад муслимууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Энэтхэг улсын 1.4 тэрбум орчим хүн амын 200 сая орчим нь Исламын шашин шүтдэг.
2014 онд ерөнхий сайд Нарендра Модигийн хиндү шашныг дээдлэгч нам төрийн эрхэнд гарснаас хойш тус улсын муслим хүн амыг ялгаварлан гадуурхах явдал эрс нэмэгдсэн гэгддэг.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл хэсэг хиндү шашинтнууд Варанаси хотод оршдог 17 дугаар зууны үед байгуулагдсан Исламын сүмд мөргөл үйлдэх эрх авахаар шүүхэд хандсан байна.
Уг сүмийг хиндү шашны сүмийг нурааж, суурин дээр нь босгосон гэх үндэслэлээр ийм маргаан үүсгэжээ.
Гэхдээ Энэтхэгийн эрх баригчид Арабын ертөнцийн орнуудтай харилцаагаа муутгавал эдийн засгийн томоохон хохирол амсах эрсдэлтэй байна.
2020-2021 онуудад Энэтхэг улсын Персийн булангийн орнуудтай хийсэн худалдаа $90 тэрбумд хүрчээ.
Мөн Энэтхэгийн сая сая иргэд Персийн булангийн орнуудад ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Ялангуяа Украины хямралтай холбоотой түлш шатахууны хомсдол Энэтхэг улсын Арабын орнуудтай түншлэх хэрэгцээг улам нэмэгдүүлээд байгаа.
Эх сурвалж: Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна