2024/11/23

BTS хамтлагийг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх эсэх асуудлаар Өмнөд Солонгост санал асуулга явуулна

info@inder.mn
2022/09/01

BTS хамтлагийн гишүүдийг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх эсэх асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж болзошгүй байгаа тухай Өмнөд Солонгосын албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Жин энэ оны арван хоёрдугаар сард 30 хүрэх ба ингэснээр цэргийн алба заавал хаах насны хязгаартаа хүрэх юм.

Тиймээс улс орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж байгаа BTS хамтлагийн долоон гишүүн хугацаат цэргийн алба хаах эсэх асуудал Өмнөд Солонгосын нийгэмд халуун сэдэв болж байна.

Тус улсын батлан хамгаалахын сайд И Жон Сүп өчигдөр парламентын гишүүдэд мэдээлэл өгөхдөө санал асуулга яаралтай зохион байгуулахыг зохих албаны хүмүүст үүрэг болгосон тухай ярьжээ.

Үүнээс гадна BTS хамтлагийн эдийн засгийн үр ашиг, үндэсний эрх ашиг зэрэг олон хүчин зүйлийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхээ тэр тайлбарласан байна.

Сайдын хэлсэн үг олон нийтийн дунд маргаан үүсгэсэн юм. Дараа нь тэр тайлбар хийхдээ санал асуулга явуулах эцсийн шийдвэр гараагүй, ингэх шаардлагатай эсэхийг судалж байгаа хэмээн зөөлрүүлсэн байна.

Хэрвээ санал асуулга зохион байгуулах бол засгийн газар бус, эрх баригчидтай хамааралгүй хөндлөнгийн байгууллага хариуцах хэрэгтэйг сайд бас хэлжээ.

Мөн санал асуулгын үр дүн шийдвэр гаргахад дангаар нөлөөлөхгүйг хэлсэн байна.

Өмнөд Солонгосын хуулиар тус улсын эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрэгтэйчүүд 18-21 сарын хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.

Цэрэг татлагын энэхүү систем нь Умард Солонгосын түрэмгийллээс улс орноо хамгаалах шаардлагаар бий болж байжээ.

Одоогоор зөвхөн тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргаж, улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчид, сонгодог урлагийн уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгддөг журамтай.

Зарим улс төрчид, байгууллагууд сүүлийн үед K-pop оддыг үүнд хамруулах санал гаргах болсон юм. Хэрвээ тэд 30 насанд хүрвэл цэргийн албаа хойшлуулалгүйгээр шууд хааж эхлэх үүрэгтэй ажээ.

 

Эх сурвалж: Associated Press

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна