2024/11/23

НҮБ-ын цөмийн эрчим хүчний шинжээчид ОХУ-ын хяналтад байгаа Украины АЦС руу нэвтэрчээ

info@inder.mn
2022/09/02

Украины зүүн өмнөд зүгт орших ОХУ-ын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станц руу НҮБ-ын шинжээчид лхагва гарагт нэвтэрч чаджээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид томоохон бүрэлдэхүүнээр станцад очсон бөгөөд тэдний ойролцоо Оросын цэргүүд байгаа аж. 

Шинжээчид АЦС-д учирсан хор хохирлыг тооцоолох бөгөөд очсоныхоо дараа АЦС дахь эхний үзлэгээ хийж, тус бүрэлдэхүүний тал нь үлдэж судалгаагаа үргэлжлүүлнэ гэж ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгджээ. Энергодар хотын засаг захиргаанаас Запорожийн АЦС-д тус агентлагийн 8-12 төлөөлөгч үлдсэн гэв. Харин Украины төрийн мэдлийн "Энергоатом" компанийн мэдээлснээр тус агентлагийн таван гишүүн станцад үлдэж, авчирсан тоног төхөөрөмжөө суурилуулж байгаа бөгөөд есдүгээр сарын 3-ныг хүртэл станцад ажиллах төлөвтэй байна гэжээ.

Энергодар хотыг эзлээд буй Оросын армийн зүгээс Украины цэргүүд хорооллууд руу буудсан гэж  есдүгээр сарын 1-нд мэдэгдэв. Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн л станцын ойролцоо болсон тулааны талаар мэдээлсэн бөгөөд Запорожье мужийн дарга Александр Старух Оросын цэргүүд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид байгаа чиглэл рүү буудаж байна гэж мэдэгдэв.

Мөн Украины "Энергоатом" атомын цахилгаан станцаас "Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 04:57 цагт ОХУ-ын цэргүүд Запорожье АЦС-ын талбай руу дахин миномётын цохилт өгсний улмаас ослын хамгаалалт ажиллаж эхлэн, эрчим хүчний 5-р блок унтарсан. Түүнчлэн ЗАЦС-330 кВ-ын нэмэлт цахилгаан хангамжийн шугамд гэмтэл гарсан. Шилжилтийн горимд дизель генераторууд ашиглалтад орж 2-р цахилгаан блок унтарсан" гэв.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан АЦС-ын нутаг дэвсгэрт буудалцаан болж байгааг мэдэж байгаа ч тус станцад очиж, ажилтнуудтай нь уулзах ёстой гэж агентлагийн тэргүүн Рафаэль Гросси хэлжээ. Тэрээр бид цөмийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тийш явж байна гэж мэдэгдсэн байна.

Гросси өнгөрсөн наймдугаар сард "Запорожийн АЦС-ын нөхцөл байдал хяналтаас гараад байна. Нөхцөл байдал маш аюултай түвшинд байна" гэж байв.

Украины эрх баригчид цацрагийн туяаны үр дагаврыг арилгах сургуулилалтыг хэд хэдэн удаа хийжээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна