Их Британийн анхны Африк гаралтай сангийн сайд Квази Квартенг
Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс танхимаа бүрдүүлэхдээ гол албан тушаалуудад ганц ч цагаан арьстан томилоогүй нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.
Ингэснээр Их Британи улс түүхэндээ анх удаа Африк гаралтай сангийн сайд, гадаад хэргийн сайдтай болж байна.
Тухайлбал сангийн сайд болсон Квази Квартенгийн эцэг эх нь 1960-аад оны үед Гана улсаас Британид цагаачилж ирсэн хүмүүс юм. Гадаад хэргийн шинэ сайд Жэймс Клеверлийн ээж Сьерра-Леоны цагаач бол эцэг нь цагаан арьстан ажээ.
Эцэг эх нь жараад жилийн өмнө Кени, Маврики улсуудаас Британид ирж суурьшсан Суэлла Брэйверман тус улсын түүхэнд хоёр дахь үндэсний цөөнхөөс гаралтай дотоод хэргийн сайд болсон байна.
Сүүлийн жилүүдэд Их Британийн эрх баригч Консерватив нам парламентад олон янзын угсаа гаралтнуудын төлөөллийг түлхүү оруулах бодлого баримталж байгаа.
2002 онд тус улсын түүхэнд анх удаа үндэсний цөөнхийн төлөөлөл засгийн газрын өндөр албан тушаалд томилогдож байжээ.
Сая шинэ ерөнхий сайдын сунгаанд Лиз Трасстай өрсөлдсөн сангийн сайд Риши Сунак нь энэтхэг гэр бүлээс гаралтай улс төрч байв.
Консерватив намын хувьд Британийн бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад үндэсний цөөнхийн төлөөлөлд илүү нээлттэй хандсаар ирсэн түүхтэй.
Тухайлбал тус нам 1868 онд анхны жүүд ерөнхий сайд Бенжамин Дисраэлийг томилж байжээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна