2024/04/19

Монгол, Исландын зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөхөөр тохиролцох чиглэлээр хамтран ажиллахаар болов

info@inder.mn
2022/09/19

Монгол Улсаас  Бүгд Найрамдах Исланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Бүгд Найрамдах Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонтой уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр Исландын Хүүхэд болон боловсролын сайд Осмундур Дадасон, Хүнс, загас болон хөдөө аж ахуйн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Бенедикт Орнасон, Хүрээлэн буй орчин, эрчим хүч, уур амьсгалын яамны Бодлого зохицуулалт, олон улсын хамтын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хуги Олафссон, ГХЯ-ны Байнгын төрийн нарийн бичгийн даргын орлогч Анна Ёоханнсдоттир, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Рагнар Кристянссон, хоёр талын харилцааны газрын захирал Элин Сигурдардоттир, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх олон улсын төвийн ерөнхий захирал Нина Ёонсдоттир, Исландын судалгааны “РАННИС” хүрээлэнгийн ерөнхий захирал Огуст Ингдорссон зэрэг албаны болон бизнесийн зарим төлөөлөлтэй уулзав.

Элчин сайд Т.Жанабазар хоёр орны харилцаа нь ардчилал, хүний эрх,  эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буйг дурдаж, хоёр тал газрын гүний дулааныг ашиглах, байгаль орчин, ногоон технологи, боловсрол болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Элчин Сайд Т.Жанабазар Исландад ажиллах үеэрээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа 

Энэ үеэр тэрбээр Исландын Засгийн газрын “Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын Төв”-ийн шугамаар манай мэргэжилтнүүдийг газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр идэвхтэй сургаж буй нь манай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэж, цаашид газрын гүний дулаан, жендерийн тэгш байдал, загасны аж ахуйн чиглэлээрх хөтөлбөрүүдэд Монголын холбогдох байгууллага, их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн алба хаагчдыг хамруулан давтан сургахаар ажиллах болсонд талархал илэрхийллээ.

Мөн Монгол, Исландын дипломат харилцааны 50 жилийг ойг хамтран тэмдэглэх, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийх, зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөхөөр тохиролцох зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: ГХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна