2024/04/19

Энгийнээр тайлбарлах гээд үзье...

info@inder.mn
2022/09/21

Ойрын хэд хоногт дээр дооргүй, дарга цэрэггүй л Монголбанкнаас арилжааны банкнуудад валютын гүйлгээний хязгаарлалт тавьсан байна гээд л харааж зүхээд байгаа харагдах боллоо. 1-рт, Монголбанк нь арилжааны банкнуудын дотоод бодлого, үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцох, ингэ тэг гэж үүрэг чиглэл өгөх ямар ч эрхгүй бөгөөд тийм хууль эрх зүйн боломж ч байдаггүй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа бололтой. Мэдсэн ч мэдээгүй мэт гүжирдэх ашиг, сонирхол хэн нэгэнд байхыг ч үгүйсгэхгүй л дээ. 2-рт, тодорхой өдрүүдэд гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр банкнуудаас ирүүлсэн хүсэлт, захиалгыг аль боломжит хэмжээгээр нь аль болох биелүүлж байгааг нь цахим сайт дээрээс нь тодорхой харчхаж бас болдог. Гэхдээ дээр хэлсэнчлэн, банкнуудын авсан долларыг тэдний өдөр, тийм хэмжээтэйг, тэдэн төгрөгийн ханшаар тэрэнд зар эсвэл битгий зар гэж үүрэгдэх ямар ч боломжгүйн дээр тэр бүгд нь цэвэр банкнуудын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал бөгөөд бие даасан шийдвэр нь байдаг гэдгийг мөн л мэдэхгүй байх шиг. Мэдсэн ч мэлзэх ашиг сонирхол хаа нэг газар байхыг бас л үгүйсгэхгүй. Тэгэхээр товчхондоо бол Монголбанкнаас ердөөсөө ч тийм тушаал, шийдвэр, үүрэг чиглэл өгдөггүй байх нь гэдгийг та бид мэддэг боллоо.

Бас нэгэн зүйл. Долларын ханш өсөөд талийлаа. валютын нөөц дундраад бараг дууслаа, Монголбанкны хэдэн хариуцлагагүй нөхдүүд ажлаа хийж чадахгүйгээс боллоо гээд л өнөөх л "баруун захын хар овоохой" болгоод харааж, зүхэж байна аа. Энгийн жишээн дээр ойлгуулах гээд нэг үзье. Нэлээд эрхдүү буюу ганган чамин зүйлд дуртай, хүссэн, таалагдсан бүхнээ үнэ мөнгө хайрлалгүй авдаг дураараа байрын хүүхдүүдтэй нэг айл байж гэнэ. Аав нь амттай талх барьдаг тул ойр хавийн дэлгүүрүүдэд барьсан талхаа зараад хангалттай биш ч гэлээ ямартай ч боломжийн орлого олчихдог, дээр нь ээжийнх нь цалин бас нэмэгддэг, нэмэр болдог тул хүүхдүүдийнхээ хүслийг яаж ийгээд биелүүлсээр л ирж. Бас ч болоогүй тодорхой хэсгийг нь хуримтлуулаад цааш нь хийгээд байдаг байжээ. Гэтэл...

Гэтэл юу болсон гээч? Өнөө айхтар өвчин тахлаас болоод хөл хорио тогтоогоод, талхаа өгдөг дэлгүүрүүд нь ажиллахаа байгаад дээр нь хөл хорионд орсон иргэд цалин мөнгө нь хомсдоод, өдөр бүр талх ч авахаа болиод эхэлжээ. Өөрөөр хэлбэл энэ айл орлогогүй болоод иржээ. Энэ байдал нь бараг жил үргэлжилж гэнэ. Аав орлогогүй болсон тул дан ганц ээжийнхээ цалингаар торгоож ядан байсан ч цагийн уртад энэ гэр бүлийн байдал улам л төвөгтэй болж, хүссэн хүсээгүй хэмнэх, гамнахаас өөр сонголтгүй болж гэнэ. Арга ядахдаа нөгөө хадгалж, хуримтлуулж байсан хэдэн төгрөг рүүгээ ч орж эхэлжээ. Гэхдээ ээж, аав нь бага багаар үрж, арай урт удаан хугацаанд хуримтлуулсан мөнгөө зарцуулах, улмаар гэнэтийн, зайлшгүй нөхцөлд зарцуулахыг хичээж байв. Харин хүүхдүүд нь өнөө л сурсан, дадсан зангаараа нэг дэлгүүрт орохдоо л ахиухан хэмжээгээр, гоё тансаг, амттай, шимттэй бүхнийг авахыг хүсэж, уурлаж уцаарлаж эхэлсэн бөгөөд төд удалгүй аав, ээжийгээ харамч, тэнэг, мангараар нь дуудаж харааж зүхдэг болж гэнэ ээ. Хөөрхий аав ээж хоёр нь хий дэмий л "...уг нь дэлгүүрүүд онгойгоод дахиад талхаа зараад, мөнгөтэй болоод эхэлбэл ч хүүхдүүддээ хүссэн бүхнийг нь аваад л өгнө л дөө..." хэмээн хоорондоо ярилцах ажээ. Энэ жишээ зөвхөн нэг гэр бүлийн асуудал мэт боловч өнөө цагт улс оронд үүсээд байгаа асуудал яг ижил учир шалтгаантай юм. Хил гаалийн гацаа, саад арилж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ, уул уурхайн ашигт малтмалуудаа гадагш нь саадгүй зарж борлуулж байж л эдийн засаг тэлж, улс орон мөнгөтэй болно. Тиймээс дотоод гэхээсээ илүү гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсээд байгаа энэ хэсэгхэн саад бэрхшээлийг хамтдаа л даван туулахаас өөр гарцгүй. Нэг үгээр хэлбэл, хүүхдүүдээ эрхлүүлэх гэж үлдсэн жаахан мөнгөө нэг амьсгаагаар зараад үрэн таран хийх үү эсвэл ариглаж, гамнаж зарцуулах уу гэдэг сонголтын өмнө та бид хамтдаа зогсож байна гэсэн үг.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна