2022/12/06

Цахим орчинд "байр түрээсэлнэ", "мотоцикл зарна" гэх зар байршуулж бусдыг залилсан этгээдүүдийг олж тогтоожээ

info@inder.mn
2022/09/30

Хичээлийн шинэ жил эхэлж улирлын чанартай гэмт хэргийн гаралт ихэсдэг тул Цагдаагийн байгууллагаас 9 дүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд "Илрүүлэлт-Оргодол" арга хэмжээг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг байна. Эхний 14 хоногт эрэн сурвалжилж байсан хүн, мал, эд зүйлийг олжээ.

"Энэ жилийн хувьд арга хэмжээний хүрээнд эхний 14 хоногийн дүн мэдээгээр Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 1,725 хүн, мал, эд зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Үүнээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон 91, үүний дотор 0-17 настай хүүхэд 3, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 5, галт зэвсэг 3, шүүхээс даалгасан 654, зөрчлийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа 130, тээврийн хэрэгсэл 72, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 3 байна.

Тухайлбал Баянхонгор аймагт гарсан хүн амины хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг есдүгээр сарын 16-ны өдөр, бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг есдүгээр сарын 14-ний өдөр олсон.

Сүүлийн үед цахим залилангийн гэмт хэрэг ихээр гарч байна. Цахим орчинд "байр түрээсэлнэ" хэмээн зар байршуулж найман цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г гэгч, "Мотоцикл зарна" хэмээн зар байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, цагдаагийн таван хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Д гэх хүнийг есдүгээр сарын 15-нд, нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байрнаас их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдийг есдүгээр сарын 26-нд олж тогтоон цагдан хориод шалгаж байна хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна