2022/12/06

НАТО-гийн гишүүн 9 улс Украиныг тус байгууллагад элсүүлэхийг уриаллаа

info@inder.mn
2022/10/03

НАТО-гийн гишүүн 9 улсын төрийн тэргүүн нар Ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Украин улсыг тус байгууллагад элсүүлэхийг уриалжээ.

Баасан гарагт ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх ёслолын арга хэмжээг Кремлийн ордонд зохион байгуулсан билээ.

Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс орноо НАТО-д яаралтай гишүүнээр элсүүлэх хүсэлт гаргаснаа мэдэгдсэн юм.

АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын Гэрээний Байгууллага нь 30 гишүүн оронтой. Шинэ гишүүн нэмж элсүүлэх бол бүх 30 гишүүн орон 100 хувь дэмжих ёстой байдаг.

Бас газар нутаг дээр нь дайн үргэлжилж байгаа орныг гишүүнээр элсүүлэх нь нэлээд төвөгтэй асуудал юм.

Чех, Эстони, Латви, Литва, Умард Македон, Монтенегро, Польш, Румын, Словак улсуудын хамтарсан мэдэгдэлд “Бид Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг дэмжиж, эзлэгдсэн бүх газар нутгаас нь цэргээ гаргахыг Оросын талаас шаардаж, Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламж дэмжлэгээ эрс нэмэгдүүлэхийг холбоотнууддаа уриалж байна” гэжээ. Хэрвээ энэ дайнд Украин ялагдвал Оросын эзлэн түрэмгийллийн дараагийн хохирогч нь дээрх улсууд болох магадлалтай байгаа.

Оросын арми Украины газар нутагт халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм.

Одоо НАТО-гийн ихэнх гишүүн орнууд дээрх хоёр улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг дэмжсэн шийдвэрээ гаргаад байна.

Украин улс гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев “дэлхийн гуравдугаар дайныг түргэн эхлүүлэхийг НАТО-гоос гуйсантай ижил үйлдэл” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна