2024/11/23

Брэд Питтийн зохисгүй ааш авирын талаар Анжелина Жоли шүүхэд дэлгэрэнгүй мэдүүлжээ

info@inder.mn
2022/10/05

Холливүүдийн цуутай хосуудын нэг Анжелина Жоли, Брэд Питт нар салаад зургаан жил болж байгаа.

Одоо тэдний дундын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан шүүх дээр үргэлжилж байна. Тухайлбал Франц дахь усан үзмийн эдлэнтэй холбоотой маргаан шүүх дээр ид хэлэлцэгдэж байгаа билээ.

Жоли уг эдлэнгийн эзэмшил хувиа өөртэй нь зөвшилцөлгүй бусдад зарсан гэх шалтгаанаар Питт энэ оны хоёрдугаар сард шүүхэд хандсан юм. Ингэхдээ зориуд бизнесийг нь унагах зорилгоор Столичная брэндийн эзэн Оросын Stoli Group-ийн салбар компанид зарсан гэж Жолийг буруутгажээ.

Тэгвэл Анжелина Жоли экс нөхрийнхөө эсрэг хариу гомдол Лос-Анжелесын шүүхэд гаргасан нь өчигдөр ил болсон байна.

Питт гомдолдоо Жоли эдлэнгийн хувиа өөрт нь түрүүлж зарах үүргийг гэрээгээр хүлээсэн байсныг дурдсан юм.

Харин Жоли гаргасан мэдүүлэгтээ ямар ч ийм тохиролцоо байгаагүй ба анх зарах санал тавихад нь 2016 онд нисэх онгоцонд болсон үйл явдлын талаар шүүхээс гадуур ярихгүй байх амлалтыг Питт нэхэж байсан тухай өгүүлжээ.

Ингээд 2016 оны есдүгээр сард хүүхдүүдийн хамт Францаас АНУ-д нисэж ирэх замд онгоцонд болсон явдлын талаар Жоли дэлгэрэнгүй мэдүүлж, яагаад Питтээс салах болсноо тайлбарласан байна.

Энэ явдлаас хойш тав хоногийн дараа Жоли гэр бүлээ салгах өргөдөл гаргаж байсан юм.

Нислэгийн үеэр Питт хүүхдүүдийн нэгний асуудлаар Жолитой маргалдаж, хэл амаар дайрч давшилж, биед нь гар хүрч байжээ. Питт ээжийгээ хамгаалахаар ирсэн нэг хүүхдийнхээ хоолойг багалзуурдаж, нөгөөгийнх нь нүүрэнд цохиж байсныг бас бичсэн байна. Энэ үйл явдлын үеэр тухайн үед 8-15 настай байсан тэдний зургаан хүүхэд сэтгэл санааны гүн цочролд орж, уйлалдаж байсныг Жоли дурсжээ.

Питт, Жоли нар Францын өмнөд нутгийн Шато Мираваль усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрийг 2008 онд худалдан авч байв. Дараа нь 2014 онд тэд энд хуримлаж байжээ.

Санхүүгийн хувьд Питтээс хамааралгүй болж, хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа тавих зорилгоор эдлэнгийн хувь эзэмшлээ зарсныг Жоли шүүхэд тайлбарласан байна.

 

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна