2024/05/17

Мексикийн арми агаарын тээврийн бизнес эрхлэх талаар судалж байна

info@inder.mn
2022/10/06

Мексик улсын ерөнхийлөгч тус улсын зэвсэгт хүчний харьяанд төрийн өмчит агаарын тээврийн компани байгуулах талаар судалж байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Шинэ компани нь түрээсийн 10 нисэх онгоцтой байхаас гадна Мексикийн өмнөх ерөнхийлөгчийн нисэх онгоцыг үйл ажиллагаандаа ашиглах гэнэ. Одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор ерөнхийлөгчийн тусгай нисэх онгоцноос татгалзаж, түүнийг зарах гэж оролдсон ч авах эзэн олдоогүй юм.

Зэвсэгт хүчнийхээ улс орны эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх энэ санаачилга ховор сонин үзэгдэлд тооцогдож байна.

Одоо Мексикийн зэвсэгт хүчин төмөр зам, нисэх буудлын бүтээн байгуулалт, хууль сахиулах ажиллагаанд оролцож, вакцин түгээлт, ойжуулалтын ажилд хүртэл хувь нэмрээ оруулж байгаа.

Шинэ агаарын тээврийн компанийг 2010 онд дампуурсан үндэсний тээвэрлэгч Mexicana компанийн нэрээр нэрлэх хувилбар хүртэл яригдаж байгааг Обрадор мэдээлжээ.

“Эдийн засгийн үр ашгийг нь одоо тооцоолж байна. Ирэх он гэхэд агаарын тээврийн шинэ компани үйл ажиллагаагаа эхлэх өндөр магадлалтай байгаа” гэж тэр ярьсан байна.

Ерөнхийлөгч Обрадор нь төрийн оролцоотой бизнесийн үйл ажиллагааг дэмждэгээрээ алдартай нэгэн юм. Тэрбээр ерөнхийлөгч болмогцоо өмнөх засаг захиргааны төрийн өмчит компаниудыг хувьчлах шийдвэрт хориг тавьж байжээ.

Тэр бас зэвсэгт хүчиндээ маш их итгэдэг, энэ салбарынхныг авлигад автдаггүй, шударга зарчимтай гэж үздэг юм байна.

Хэрвээ Обрадорын төлөвлөгөө хэрэгжвэл Мексик улс нь аялал жуулчлалын салбартаа зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлсэн Латин Америкийн цөөхөн улсуудын нэг болох юм.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна