2022/12/06

ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан мөнгө авсан этгээдүүдэд хорих, торгох ял оноожээ

info@inder.mn
2022/10/06

Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус бүр 3 жил хорих ял шийтгэсэн байна.

Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байдаг.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь  хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэсэн дүгнэлтийг Дээд шүүх хийсэн байна.         

Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, хулгайлах гэмт хэрэгт 1 жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Ло-гийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан гурван жил хорих ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж, хэвээр үлдээсэн байна.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна