2022/12/06

Цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын хоёр иргэн далай гатлан АНУ-ын Аляскад хүрчээ

info@inder.mn
2022/10/07

Цэргийн дайчилгаанаас зугтан Берингийн тэнгисийг завиар туулж, Аляск мужийн алслагдсан аралд ирсэн Оросын хоёр иргэн улс төрийн орогнол хүссэн тухай АНУ-ын сенатор Лиза Мурковски өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын хил хамгаалах албаныхан хоёр оргодлыг зохих хууль дүрмийн дагуу шалгахаар Аляскын төв Анкориж хотод хүргэсэн байна.

Жижиг завь хөлөглөсөн Оросын иргэд энэ долоо хоногийн Мягмар гарагт Сэйнт Лоренсын арал дахь 600 оршин суугчтай Гамбэлл тосгоны ойролцоо эрэгт газарджээ.

Тус тосгон нь Аляскын баруун эргээс 320 км, Оросын Чукоткын эргээс 58 км зайтай оршдог юм байна.

Оросын иргэд яг хаанаас ирсэн тухай мэдээллийг одоогоор албаныхан өгөөгүй байгаа ажээ. Цаашдаа Оросын талаас ирэх дүрвэгчдийн тоо нэмэгдэж болзошгүй тул Аляск мужийн эрх баригчид бэлтгэлтэй байх шаардлагатайг сенатор Мурковски онцолсон байна.

“Эндээс хоёр зүйл маш тодорхой харагдаж байна. Нэгд, Оросын иргэд Путиний Украинд явуулж буй түрэмгий дайнд оролцох хүсэлгүй байна. Хоёрт, Орос улстай хамгийн ойр байрлалтайнхаа хувьд Аляска муж АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй болж байна” гэж тэр хэлжээ.

Харин Аляска мужийн захирагч Майк Данливи ийм замаар аялах нь маш их эрсдэлтэй тул цаашид дүрвэгчдийн урсгал нэмэгдэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Наймдугаар сард Канадаас АНУ-д хууль бусаар нэвтрэх гэсэн Оросын иргэдийн оролдлого 42 удаа бүртгэгдсэнийг эрх баригчид өмнө нь мэдээлж байжээ.

Энэ нь долдугаар сараас 15 дахин, 2021 оны наймдугаар сараас ес дахин өссөн тоо юм байна.

Оросын цагаачид АНУ-д ирэхийн тулд ихэнхдээ Мексикээр дамждаг ажээ.

2021 оны есдүгээр сараас энэ оны наймдугаар сарыг дуустал хугацаанд Оросын иргэд Мексикээс хил нэвтрэх гэсэн 20,608 оролдлогыг таслан зогсоосноо АНУ-ын цагаачлалын алба мэдээлсэн байна. Энэ нь өмнөх 12 сарын хугацаатай харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна