2022/12/06

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна

info@inder.mn
1 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

Энэ үеэр зохистой хооллолт, эрүүл зан үйл, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлан таниулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон талт арга хэмжээ зохиов.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 20 сумын Засаг дарга болон байгууллагуудын 150 гаруй төлөөлөл, 450 орчим иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, “Эрүүл Баянхонгор аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баянхонгор аймаг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, архинд донтсон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд танилцуулав.

Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, явуулын шүд, дотрын эмнэлгийн үйлчилгээнд 1,200 гаруй иргэнийг хамруулж, спортын уралдаан, тэмцээн зохиов.

Аймгийн хүн амын дунд түгээмэл тохиолдож буй сэргийлж болох эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээний өнөөгийн суурь үзүүлэлтийг тодорхойлох цогц судалгааг эхэлж, “Эрүүл Баянхонгор”, “Эрүүл сум”, “Эрсдэлгүй өрх”, “Эрүүл сургууль”, “Эрүүл хамт олон” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Нээлттэй өдөрлөгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спортын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх М.Болд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар оролцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна