2022/12/06

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулагчийн сургалт хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгуулав

info@inder.mn
2022/10/07

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны сургалтыг Дархан-Уул аймагт 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, төслийн ажилтан Ёоко Исобэ нар нээж, төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагын 60 гаруй хүн хамрагдлаа.

Оролцогчдод Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой өөрчлөлт орсон зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгсөн юм.

Мөн төслийн багийнхан Дархан-Уул аймаг дахь төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 400 гаран хүнд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” лекц зохион байгуулж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул аймагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын үйл явцтай танилцлаа.

Одоогоор ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхан шатны сургалтыг 4 удаа зохион байгуулж, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын 120 гаруй төлөөллийг хамруулж, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөх нөлөөллийн 20 гаруй хүнийг бэлтгээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна