Карибын тэнгисийн арал улс Хайти гадаад орнуудаас цагдаагийн тусламж хүсэхээр төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Тус улсын түлш шатахуун импортолдог гол боомтыг орон нутгийн зэвсэгт дээрэмчдийн бүлгүүд хяналтдаа авсны улмаас эдийн засгийн ноцтой хямрал үүсээд байгаа.
Хайтийн засгийн газар түлш шатахууны үнийн татаасаа цуцлахаар болсон нь зэвсэгт бүлэглэлүүдийг хилэгнүүлж, ийм арга хэмжээ авахад хүргэсэн юм.
Үүний улмаас Хайти даяар эрчим хүчний хомсдол үүсэж, ундны усны түгээлт, нийтийн тээвэр тасалдаж, эмнэлгүүд ажиллах боломжгүй болоод байна.
Үүний улмаас хүн амын дунд халдварт холер өвчин дэгдсэн тухай мэдээ ирж байгаа.
Өнгөрсөн Пүрэв гарагт тус улсын засгийн газар ерөнхий сайд Ариэл Анрид “олон улсын түншүүдээс хууль сахиулах тусгай хүчний тусламж хүсэх эрх” олгосон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Гэхдээ албан ёсны хүсэлтийг одоогоор гадаадын аль нэг улсын засгийн газарт тавиагүй байгаа гэнэ.
Гадаадын тусгай хүч нь дээрэмчдийн гарт орсон шатахуун импортлох боомтыг чөлөөлөх үүрэг гүйцэтгэх юм байна.
Хайти улсын гадаад хэргийн сайд Жан Виктор Женюс өнгөрсөн Баасан гарагт Перу улсын нийслэл Лима хотод болсон Америк Тивийн Орнуудын дээд чуулганы үеэр цагдаагийн хүчний тусламж хүссэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.
“Дээрэмчдийн барьцаалалт Хайтийн ундны ус түгээлт, нийтийн тээвэр, эмнэлгүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эдийн засаг сүйрлийн ирмэгт ирсэн тул сайд олон улсаас цагдаагийн хүчний тусламж хүссэн байна. Цэрэг биш, цагдаагийн хүч” гэж Лима дахь эх сурвалж мэдээлсэн байна.
Чуулганы үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус улс Хайтийн аюулгүй байдлыг хангахын төлөө байгааг илэрхийлсэн бол Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли дэг журам тогтоох ажиллагааг Хайти улс өөрөө удирдан зохион байгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гэнэ.
Баасан гарагт НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефани Дюжаррик тус байгууллага Хайти улсаас ямар нэг хүсэлт хүлээж аваагүй байгааг мэдэгджээ.
Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг гэгддэг Хайти байгалийн гамшиг, өвчин тахал, улс төрийн хямрал зэрэгт тасралтгүй нэрвэгдээд байна.
2010 онд тус улсад асар хүчтэй газар хөдлөлт болж, үр дагавар нь одоо болтол үргэлжилж байгаа бол өнгөрсөн онд ерөнхийлөгч Жовенил Мойсе нь бусдын гарт алагдсан юм.
НҮБ-ын энхийг сахиулагчид 2004-2017 оны хооронд тус улсад байрлаж, улс төрийн нөхцөл байдлыг нь тогтворжуулах үүрэг гүйцэтгэж байжээ.
Эх сурвалж: Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна