Бүх айл өрхүүд, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн энэ оны арванхоёрдугаар сарын эрчим хүчний зардлыг бүрэн хариуцахаар болсноо Германы засгийн газар өчигдөр мэдэгджээ.
Тус улсын засгийн газрын дэргэд байгуулагдсан мэргэжилтнүүдийн зөвлөл ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтаас чөлөөлөх төлөвлөгөөг боловсруулсан юм.
Уг төлөвлөгөөний дагуу арванхоёрдугаар сард дээрх арга хэмжээг авах ба дараа нь 2023 оны хавар дараагийн арга хэмжээнүүдээ авахаар төлөвлөжээ.
Тухайлбал 2023 оны гуравдугаар сараас эхлэн 2024 оны дөрөвдүгээр сарыг дуустал айл өрхүүд өнгөрсөн оны хэрэглээнийхээ 80 хувьтай тэнцэх хэмжээний хийн киловатт/цагийг 0.12 еврогоор бодож төлөхөөр болсон байна.
Харин аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны хэрэглээнийхээ 70 хувьтай тэнцэх хийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны дөрөвдүгээр сарыг хүртэл киловатт/цаг нь 0.07 еврогоор тооцож төлөхөөр болжээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөлийн тэргүүн, доктор Вероника Гримм засгийн газрын хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүд цаашдаа “шинэ хэм хэмжээ” болно гэж ойлгох, Украины дайнаас өмнөх тарифтаа буцах талаар найдах хэрэггүйг сануулсан байна.
“Хийн үнэ тариф цаашдаа буурах талаар найдах хэрэггүй. Бид урт хугацаанд Оросоос байгалийн хий авахаа зогсооно гэж төсөөлөх хэрэгтэй” гэж Вероника Гримм ярьжээ.
Дээрх төлөвлөгөөний дагуу Германы засгийн газар 90 тэрбум еврогийн зардал гаргахаар байгааг зөвлөлийн гишүүн, Германы Аж Үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Зигфрид Руссвурм ярьж байна.
Ерөнхий сайд Олаф Шольцын эвслийн засгийн газар улс орноо эрчим хүчний үнэ өртгийн дарамтаас хамгаалахад нийтдээ 200 тэрбум евро төлөвлөөд байгаа.
Гэхдээ Шольцын төлөвлөгөөг Европын Холбооны зарим гишүүн орнууд шүүмжилж байна. Тухайлбал Польш улсын засгийн газар үнэ тарифын дээд хязгаарыг Европ даяар бус, зөвхөн дотоодын зах зээлдээ тогтоосноор Европын Холбооны эдийн засгийг сүйрүүлэх алхам хийж байна гэж Германы эрх баригчдыг шүүмжилсэн юм.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна