2024/11/23

Starlink-ийг нутагт нь нэвтрүүлэхгүй байхыг Хятадын албаныхан Илон Маскаас хүссэн гэв

info@inder.mn
2022/10/11

Тэрбумтан Илон Маскийн өгсөн сүүлийн ярилцлага өнгөрсөн Баасан гарагт Financial Times сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Энэ ярилцлагынхаа үеэр тэр Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээг нутаг дэвсгэрт нь нэвтрүүлэхгүй байхыг Хятадын албаныхан түүнээс хүссэн тухай мэдээлжээ.

“Бээжингийн эрх баригчид Starlink-ийг Украинд нэвтрүүлсэн явдалд таагүй хандаж байгаа нь тодорхой байсан. Тиймээс тэд Хятадын нутаг дэвсгэрт уг үйлчилгээг нэвтрүүлэхгүй байх амлалт нэхэж байв” гэж сэтгүүлд бичсэн байна.

Илон Маск энэ хүсэлтэд ямар хариу өгсөн талаар дээрх ярилцлагад тодорхой дурдаагүй байна. Гэхдээ Starlink үйлчилгээний хамрах хүрээг харуулсан газрын зурагт Хятад улсад нэвтрүүлэх төлөвлөгөө харагдахгүй байгаа юм.

Харин Тайвань, Монгол, Вьетнам зэрэг хөрш орнууд “зохицуулагч байгууллагын зөвшөөрөл хүлээгдэж байгаа” гэсэн статустай дүрслэгджээ.

Газраас хиймэл дагуулаар дамжуулан интернэт сүлжээнд шууд холбогддог Starlink-ийн шийдэл сүлжээнд суурилсан хаалт хориг, цензурыг нэвтлэх нэг гол арга зам болоод байгаа.

Саяхан Starlink өөрийн холболтыг Иранд нээсэн нь тус улсад дэгдсэн Тегераны дэглэмийн эсрэг иргэдийн тэмцлийг дэмжих зорилготой байв.

Гэхдээ Хятад улсын хувьд интернэтийн агуулгад тавих хяналт маш өндөр байдаг. Үүнээс гадна Илон Маскийн хувьд Хятадын зах зээл томоохон ач холбогдолтой юм.

Түүний байгуулсан Тесла компани АНУ-аас гаднах анхны үйлдвэрээ Шанхай хотод байгуулж, өнөөдрийг хүртэл 80,000 автомашин борлуулаад байгаа.

 

Эх сурвалж: The Verge

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна