Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойш анх удаа үндэсний аюулгүй байдлын стратегийн бичиг баримтаа конгресст танилцуулжээ.
Уг бичиг баримтад АНУ-ын геополитикийн хамгийн том өрсөлдөгчөөр Хятад улсыг нэрлэсэн байна.
“Дэлхий дахины үйл хэрэгт Америкийн манлайлах хэрэгцээ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байна. Олон улсын дэг журмын ирээдүйг тодорхойлох стратегийн өрсөлдөөн дунд бид байна” гэж Байден танилцуулгадаа бичжээ.
Тэрбээр цааш нь “Чөлөөт, нээлттэй, цэцэглэн хөгжсөн, аюулгүй дэлхий ертөнцийн талаар бидний үзэл бодлыг дэмждэггүй этгээдүүдийн хүсэл сонирхолд ирээдүйгээ даатгаж болохгүй. Өвчин тахал, эдийн засгийн тодорхойгүй байдлыг дэлхий нийтээрээ даван туулж буй энэ үед АНУ-аас илүү хүчтэй манлайлах улс орон байхгүй билээ” гэсэн байна.
АНУ-ын стратеги бодлогын хэрэгжилтэд авторитар дэглэмтэй орнууд хамгийн том сорилт бэрхшээл учруулж буйг тайлбарлахдаа Хятад, Орос улсуудын нэрийг онцгойлон дурджээ.
Ингэхдээ Орос улс “олон улсын дэг журмыг увайгүй зөрчиж, чөлөөт, нээлттэй дэлхий ертөнцөд шууд аюул занал учруулж буйг нь Украинд явуулж буй харгис хэрцгий дайн харуулж байна” гэж бичсэн байна.
Харин Хятад улсыг “олон улсын дэг журмыг өөрчлөх зорилготой цорын ганц өрсөлдөгч” гэж тодорхойлоод уг зорилгоо хэрэгжүүлэх “эдийн засаг, дипломат, цэрэг зэвсэг, технологийн хүчин чадал нь улам бүр нэмэгдэж байгаа”-г анхааруулжээ.
Цагаан ордны стратегийн бичиг баримт нийтлэгдсэний дараа Байдены үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Жэйк Салливан дээрх санааг дахин батлахдаа “БНХАУ-тай өрсөлдөх нөхцөлөө тодорхойлоход энэ арван (2020-2030) чухал ач холбогдолтой. Хэрвээ бид энэ арван жилд хугацаа алдах юм бол өрсөлдөөнд тэргүүлэх боломжгүй болно” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэр АНУ дэлхий ертөнцийг зөвхөн өрсөлдөөний нүдээр хараагүйгээ нэмж хэлсэн юм.
"Бид шинэ хүйтэн дайн руу түлхэх өрсөлдөөнийг эрэлхийлээгүй" гэж Салливан мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна