Талийгаач хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн иргэдийн үлдээсэн мянга гаруй чихмэл тоглоомыг хүүхдийн төлөө буяны байгууллагад хандивлахаар болсныг Букингэмийн ордон Бямба гарагт мэдээлжээ.
Есдүгээр сарын 8-нд хатан хаан Элизабетыг таалал төгссөний дараа Британийн иргэд Лондон хот дахь Уиндсорын шилтгээний гадаа цэцэг, чихмэл бамбарууш тоглоом зэрэг дурсгалын зүйлсийг олноор үлдээж, хүндэтгэл үзүүлж байсан юм.
Иргэдийн үлдээсэн бамбарууш тоглоомуудыг сайн цэвэрлэж, ариутгасны дараа Barnardo’s хүүхэд хамгаалах байгууллагад хандивлахаар болсон байна. Хатан хаан тус байгууллагатай сүүлийн 30 орчим жил хамтран ажиллаж байжээ.
Ордны гадаа үлдээсэн тоглоомуудын ихэнх нь хүүхдийн зохиолын баатар Паддингтон бамбарууш байсан юм.
Энэ оны зургаадугаар сард Элизабетын хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулсан видео мэндчилгээнд Паддингтон бамбаруушийг ашиглаж байжээ.
Уг мэндчилгээнд хатан хаан компьютер графикийн аргаар бүтээсэн бамбарууштай цайлж байгааг үзүүлдэг юм.
Хатан хааны дурсгалыг хүндэтгэсэн иргэдийн үлдээсэн цэцгүүдийг бордоо болгон ордны цэцэрлэгжүүлэлтэд ашиглахаар болсныг Лондон хотын Royal Parks байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна