Ням гарагт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дөрвөн улсын батлан хамгаалахын сайд нартай дараалан утсаар ярихдаа Украины тал “бохир бөмбөг” хэрэглэж, бурууг нь Москвагийн эрх баригчдад тохохоор төлөвлөж байгаа тухай мэдээлсэн юм.
“Бохир бөмбөг” гэдэг нь цацраг идэвхт бодисоор өргөн уудам газар нутгийг хордуулах зориулалттай цөмийн бус, уламжлалт зэвсэг юм байна.
Шойгу энэ тухай АНУ, Их Британи, Франц, Турк зэрэг НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай утсаар ярихдаа мэдээлжээ.
Харин Даваа гарагт АНУ, Их Британи, Франц улсуудын батлан хамгаалахын сайд нар хамтарсан мэдэгдэл гаргахдаа ОХУ-ын батлан хамгаалахын сайдын ярьсныг эрс няцаасан байна.
“Украин улс өөрийн газар нутаг дээр бохир бөмбөг хэрэглэх гэж байгаа тухай Оросын талын илт худал мэдэгдлийг бид эрс няцааж байна. Сөргөлдөөнийг хурцатгах шалтгаан болгон ашиглах зорилгоор ийм мэдэгдэл хийсэн гэж дэлхий нийт харж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг бас няцаасан юм.
Тэрбээр Ням гарагт хийсэн ээлжит мэдэгдэлдээ “Хэрвээ Оросын тал Украиныг ямар нэг үйлдэл хийхээр бэлдэж байна гэж яривал Орос улс аль эрт өөрөө хийхээр бэлдчихсэн гэсэн үг” гэж хэлжээ.
“Бохир бөмбөг”-ний асуудал нь Украины дайн улам өргөжих, нөхцөл байдал хурцдах эрсдэл нэмэгдэж буйн нэг шинж болж байна.
Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөртөө хууль бусаар нэгтгэсэн Украины газар нутгийг хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэхээр сүрдүүлж байсан юм.
Эх сурвалж: Business Insider
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна