2024/03/29

​Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

info@inder.mn
2022/11/30

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой дараах багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 1.    Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.

2.    “Эрдэнэт үйлдвэр”, “Монгол росцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулна.

3.    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.

4.    “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ээс зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулна. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.

5.    “Таван толгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ. Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Таван толгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж,  төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

 

Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

 

Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм.     Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна