2024/03/28

"Монголд зочлох жил"-үүдэд аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчин хангалтгүй байна

info@inder.mn
2022/12/02

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд дэвшүүлсэн 8 стратеги зорилтын нэг нь Хүний нөөцийн хөгжил буюу салбарын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх юм. Учир нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллах хүний нөөц салбарын хамгийн их тулгамдсан асуудал болоод байна. 

Ковид 19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 16.6 мянган хүн ажилгүй болж, туршлагатай боловсон хүчнээ алдсан ба шинээр бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний тоо жил ирэх тусам буурч байгаа судалгаа гарсан. Энэ талаар өнөөдөр болсон "Аялал жуулчлалын судалгаа 2022" эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцууллаа. 

Тодруулбал, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс хийсэн судалгаагаар аялал жуулчлалын чиглэлээр суралцагчдын тоо 2007 онтой харьцуулахад 87 хувиар буурсан буюу 2007 онд 7000 гаруй оюутан суралцаж байсан бол өдгөө 1000 хүрэхгүй оюутан аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж байна. 

Мөн суралцаж төгссөн оюутнуудын 24 хувь нь мэргэжлээрээ, харин 44 хувь буюу дийлэнх нь бусад салбарт ажиллаж байгаа судалгаа гарчээ. Салбартаа ажиллахгүй байх голлох шалтгаан нь үргэлжлүүлэн суралцах гэж судалгаанд оролцогчид хариулсан байна.   

Түүнчлэн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөдөлмөрийн зах зээлд 2023-2026 он хүртэл нийлүүлэх боломжтой дээд боловсролтой хүний нөөцийн нийлүүлэлтийн таамгаас харвал одоогийнхоос 50 орчим хувиар буурах тооцоолол гарчээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна