2024/03/29

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааг шалгалаа

info@inder.mn
2022/12/05

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгалаа.

 

 Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан нийт 14 компани цагдаагийн албан хаагчаас олгосон зөвшөөрлийг үндэслэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-аар энэхүү үйл ажиллагаа зохицуулагдаж байна.

 

 Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа хэд хэдэн зөрчил тогтоогдсон байна.

 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021-2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130537 зөвшөөрөл олгогдсон.

 Цахимаар олгосон 88915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.

 

Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой.

 Мөн журмын зарим зохицуулалтууд Зөрчлийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй зөрчилдсөн, давхардсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, тус тус хүргүүлсэн байна.


Эх сурвалж: УЕПГ

                                                                                        Болор дурангаар шалгав



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна