2024/04/24

Аргентины шигшээ баг гурав дахь удаа "дэлхийн аварга" цолыг хүртлээ

info@inder.mn
2022/12/19

Өнөө цаг үеийн шилдэг хөл бөмбөгчин Леонел Месси тэргүүтэй аргентинчууд урд шөнө дэлхийн аваргын төлөө Францын шигшээ багтай гал гарсан финалын тоглолтыг толилууллаа. Өдгөө 35 настай Леонел Мессигийн хувьд энэ удаагийн ДАШТ карьерынх нь сүүлийн ДАШТ болж буйгаараа онцлог байв.

 Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Коппа Америка”-ийн аварга, Аваргуудын лигийн аварга, Испанийн Ла лиг, дэлхийн шилдэг хөл бөмбөгчин гээд авч болох бүхий л цомыг авсан ч ганцхан дэлхийн аваргын “Алтан дагина” л үлдээд байсан юм.

 Харин түүний эсрэг талд Францын залуу од Кильян Мбапе тэргүүтэй Францын гурван өнгөтнүүд өрсөлдсөн билээ. Францчууд 2018 оны ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж, “Алтан дагина”-ыг өргөсөн. Энэ удаад түрүүлж чадвал хөл бөмбөгийн ДАШТ-д хоёр дараалж түрүүлсэн, Бразилаас (1954, 1958 он) хойших анхны баг болох байлаа. Францын залуу од Кильян Мбапегийн 2018 онд 19 насандаа дэлхийн аварга болсон. Энэ үзүүлэлтээрээ агуу Пелетэй харьцуулагдаж байгаа юм. Пеле 17 болон 21 насандаа хоёр дараалж дэлхийн аварга болсон бол франц залуу 19 болон 23 насандаа дараалан дэлхийн аварга болох уу гэх хүлээлт дэлхийн хөл бөмбөгийн фанатуудын анхаарлын төвд байв.

 Тоглолтын эхний гоолыг Леонел Месси 11 метрийн торгуулийн цохилтоос нээсэн. Аргентины шигшээгийн зүүн жигүүрт гарч ирсэн Анхел Ди Мариа дээр Францын хамгаалагч Дембеле торгуулийн талбай дотор алдаа гаргаснаар Месси 23 дахь минутад тооны харьцааг нээсэн нь энэ.

 Үүнээс хойш тоглолтын 37 дахь минутад Мессигийн эхлүүлсэн шуургалсан сөрөг довтолгоо Анхел Ди Мариагаар төгсгөл болж, тооны харьцаа 2:0 болсон. Үүнээс хойш Францын шигшээ багийн тоглолт алдагдаж, дамжуулалт болон довтолгоонууд нь оновчгүй болж эхэлсэн. Энэ янзаар явсаар хоёрдугаар үе эхлээд 80 дахь минутад Кильян Мбапе торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулснаар гурван өнгөтнүүдийн тоглолт илтэд сэргэсэн. Төд удалгүй буюу ердөө 97 секундын дараа Мбабе дахин гоол хийснээр тооны харьцааг тэнцүүлсэн юм.

  Хоёр баг үндсэн цагт тэнцсэн тул нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагийн эхний үе гоолгүй дууссан бол хоёрдугаар үед Леонел Месси, Кильян Мбапе нар 108 болон 118 дахь минутад дахин гоол хийж хөл бөмбөг сонирхогчдын цөсийг хөөргөлөө.

  Ингээд үндсэн болон нэмэлт цагт хоёр баг 3:3-аар тэнцсэн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяа шийдэгдэхэд 4:2-ын харьцаатайгаар Аргентины шигшээ баг ялалт байгууллаа.

 “Катар-2022”:  

  • Шилдэг тоглогч: Леонел Месси /Аргентин/
  •  
  • Шилдэг хаалгач: Эмилаино Мартинез /Аргентин/
  •  
  • Шилдэг залуу тоглогч: Энзо Фернандез /Аргентин/
  •  
  • Шилдэг довтлогч: Кильян Мбапе /8 гоол/

  Ингэснээр Аргентины шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

Лионел Месси "Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлснийхээ дараа богино хэмжээний ярилцлага өгчээ. Тэрээр мөрөөдлөө биелүүлсэн ч эх орныхоо шигшээ багийн төлөө дахин тоглохоос татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Месси "Эцсийн эцэст хөл бөмбөгөөс хүссэн бүхнээ авлаа. Бид Аргентинд очоод баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Түүний хувьд хөл бөмбөг зүгээр л нэг спорт биш, энэ бол түүний амьдрал, тиймээс дэлхийн аваргын хувьд дахиад тогломоор байна гэжээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 41.138.89.206
    2022/12/22

    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiad iana307@gmail.com cl audiadiana307@gmail. com

    Хариулах