2024/04/23

Супер од Кристиано Рональдог өчигдөр арабчууд ёслол төгөлдөр хүлээн авчээ

info@inder.mn
2023/01/04

Кристиано Рональдо 2025 оны дунд үе хүртэл Саудын Арабын клубт тоглох гэрээ байгуулсан билээ. Ийнхүү Португалийн хөл бөмбөгийн супер од Кристиано Рональдог өчигдөр арабчууд ёслол төгөлдөр хүлээн авчээ.

 

Одоо 37 настай тэрээр Английн Манчестер Юнайтед клубээс хэл амтай гарсныхаа дараа Саудын Арабын Аль Насср клубтэй 2025 оны зургаадугаар сар хүртэл тоглох 200 сая еврогийн гэрээ байгуулсан юм.

 

Түүнийг өчигдөр тус клубийн 25,000 хүний суудалтай Мрсул Парк стадионы талбайд гарч ирэхэд хөгжөөн дэмжигчид нь уухайлан хүлээж авчээ.

 

Рональдог түүний хүүхдүүд болон уламжлалт араб өмсгөлтэй найз бүсгүй Жоржиа Родригез нь дагалдсан байна.

 

Тэрээр “Саудын Арабт ирсэн нь миний спортын замналын төгсгөл ирсэн гэсэн үг биш. Үнэндээ би бусдын юу ярьж буйд санаа зовохгүй байна. Европт миний хийх ажил дууссан. Европ, Бразил, Австрали, АНУ, бүр Португали хүртэл надад санал тавьсан. Гэхдээ би энэ клубт тоглохоор сонгож байна” гэжээ.

 

Тэрээр цааш нь “Би бол давтагдашгүй тоглогч. Би Европт бүх дээд амжилтыг нь эвдсэн. Харин одоо энд цөөн хэдэн дээд амжилт тогтоох хүсэлтэй байна. Би энд хожих, тоглох, зугаацах, энэ улсын амжилт, соёлын нэг хэсэг болохоор ирлээ” гэсэн юм.

 

Хэдийгээр ингэж ярьж байгаа ч Саудын Арабын клубт ирсэн нь Рональдогийн хувьд ангилал нэлээд буурсан явдалд тооцогдож байгаа. Мэдээж түүний спортын замналын сүүлийн үе шат гэдэг нь тодорхой юм.

 

Газрын тосоор баян Саудын Арабын эрх баригчид сүүлийн жилүүдэд улс орныхоо талаар тогтсон нийтлэг ойлголтыг өөрчлөхийн тулд их хэмжээний мөнгө цацаж байна.

 

Арабчууд хөл бөмбөгөөс гадна гольф, бокс, теннис, авто уралдааны F1 спортын төрлүүдэд их хэмжээний мөнгө хаяж, өнгөрсөн онд Английн Премьер Лигийн Ньюкэсл Юнайтед клубыг худалдаж авсан билээ.

 

Рональдотой нас чацуу Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман саяхан Азийн Наадам, Азийн Өвлийн Наадам, Азийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн цомын тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх авсан юм.

 

 

  Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна