2024/03/29

БНСУ-ийн Сөүл хотод “Хурдан” төрийн үйлчилгээний цэг нээлээ

info@inder.mn
2023/03/20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “Хурдан” түц машин байрлуулах, цахим гарын үсэг ашиглах асуудлыг судалж, шийдвэрлэх үүргийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасан.

Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, өнөөдөр /2023.03.20/ Монгол улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд анхны “Хурдан” төрийн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр тус улсад оршин сууж байгаа 53 мянга гаруй Монгол иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Ингэснээр энд ажиллаж,  амьдарч байгаа иргэд маань төрийн үйлчилгээг ойроос, хялбархан авч, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авч эхэллээ. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд Э.Сарантогос: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-Д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин сууж байгаа Монгол иргэдэд нэн тулгамдаж байгаа 10 асуудлыг шийдвэрлэхээр болсон.  Энэ 10 асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээтэй холбоотой байсан. Өнөөдөр энэ асуудал шийдэгдэж Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “Хурдан” төрийн үйлчилгээний цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт нэг сарын дараа хэрэгжиж байна. Ингэснээр Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана.

Энэ үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар  яамны бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдэд танилцуулж,  санал, хүсэлтийг нь хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэсэн юм. “Хурдан” төрийн үйлчилгээний цэгийг мөн БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст нээнэ.

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар цаашид бусад улсад суугаа элчин сайдын яамны консулын газруудаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэддээ хурдан, шуурхай хүргэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна