2024/11/22

Хүүхэд тань хэлд орохгүй удаж байна уу

info@inder.mn
2023/04/18

Хэл яриа бол хүүхдийн бүхий л талын хөгжлийн илэрхийлэл юм. Хэл ярианы тусламжтайгаар хүн үзэл бодлоо илэрхийлж, амьдралын туршлагаа хуваалцаж, өөрийн байр сууриа олж, үйл ажиллагаагаа бусдад хүлээн зөвшөөрүүлж чаддаг. Тиймээс хэл яриа нь хүний харилцааны суурь болж, сэтгэн бодох үйл явцыг илэрхийлэх зэвсэг болно. Хүний сэтгэхүй тэр чигтээ хэл ярианы тусламжтайгаар хөгжиж байдаг. Тиймдээ ч хэл яриа нь тухайн хүний нэрийн хуудас болох бөгөөд бага насандаа энэ суурь нь тавигддаг.

Хүний хэл яриа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй байхын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Уураг тархи бүтцийн хувьд тодорхой түвшинд хүрч боловсорсон байх

- Өгүүлэх эрхтний дууны болон амьсгалын системийн үйл ажиллагаа саадгүй байх

- Хараа, сонсгол, хөдөлгөөний хөгжил хэвийн байх

- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай байх зэрэг болно.

Энэ бүхэн нь тухайн хүний ярих чадвар ба яриаг ойлгох чадвараар илэрнэ.

Иймээс хүүхэд сургуулийн өмнөх насандаа хэлж байгаа үгийн утгыг ойлгож, түүнийгээ бусад үгтэй авцалдуулан холбож ярих, бусадтай харилцаж, асуулт тавьж хариулах, үгийг дуудлагаар нь ялган таньж, түүнийгээ хувирган ярьж сурдаг ба сэтгэлийн хөдлөлөө үгээр илэрхийлнэ. Энэ үед л хүүхдийн хэл яриа хөгжөөд зогсохгүй уншиж, бичихэд бэлтгэгддэг байна.

Эцэг эхчүүд бид нялх балчир үрсээ анхныхаа үгийг хэлэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл 1 нас, 2 нас, тэр бүү хэл 3 нас хүрээд бараг ярихгүй, цөөн хэдхэн үгтэй хүүхэд олноор тааралдах боллоо.

Энэ нь мэргэжлийн хүмүүсийн сэтгэлийг хөндөхгүй байхын аргагүй ээ. Миний бие сүүлийн жилүүдэд хэл заслын цэцэрлэг ажиллуулах болсноор бидний хэлж заншсанаар “оройтож хэлд орох” гэсэн тодотголтой хүүхэдтэй яаж ажиллавал хүүхдэд болон эцэг эхчүүдэд бага боловч тус дэм болох талаар судлан ажиллаж байгаа билээ. Ингээд багш, эцэг эхчүүд бид хүүхдийн хэл яриаг хэрхэн анхаарч, яаж дэмжлэг үзүүлж ажиллах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

ЭХЛЭЭД ХҮҮХДЭЭ АЖИГЛААРАЙ

Юуны өмнө та дараах асуултад хариулаад үзээрэй.

- Таны хүүхдийн хэл ярианы хөгжил үеийнхнээсээ ялгаатай байна уу?

- Бусадтай харилцахдаа хүндрэлтэй, хэлж байгаа нь ойлгомжгүй эсвэл бүр ярихгүй байна уу?

Хэрэв тийм бол таны хүүхдэд сэтгэл зүйч, хэл засалч, хүүхдийн мэдрэлийн эмчийн тусламж шаардлагатай гэсэн үг юм. Тусламж хэзээ хэрэгтэй вэ. Үүнд хариулахын тулд та эхлээд хүүхдээ ажиглаж, дүгнэлт гаргах хэрэгтэй. Үүний тулд дараах асуултад хариулж хүүхдээ “судлаад” үзээрэй. Уг мэдээлэл нь дээрх мэргэжилтнүүдэд хандах үед хүүхдэд учирч байгаа хүндрэлийн шалтгааныг тодруулж, ажиллах арга барилыг тодорхойлоход их хэрэг болно.

Ингээд асуултууддаа оръё.

- Таныг юу түгшээж байна вэ. Яг ямар асуудалд ихээр санаа зовж байна вэ. Энэ асуултыг өөртөө тавиад 1 өдөр хүүхдээ ажигла. Хүүхдийн хандлага, харилцаа, хэл ярианы байдал, уур уцаар, анхаарлын төвлөрөлт, ой тогтоолт, дуулгаваргүй, чадваргүй гэх мэт.

- Хэрвээ таны хүүхэд зөвхөн хэл ярианы асуудалтай байна гэж үзэж байвал одоо хэдэн настай вэ? (Хэрэв хүүхэд тань 3-4 настай боловч ярихгүй эсвэл цөөхөн хэдэн үгтэй, өгүүлбэрээр ярих чадваргүй, харилцаандаа дохио зангааг ашиглаж, үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлэхийг илүүд үзэж байгаа бол хэл ярианы төдийгүй хүүхдийн сэтгэхүйн хөгжилд том түгшүүр бий болсныг илтгэнэ.)

- Жирэмсний болон төрөлтийн үеийн хүндрэл байсан уу?

- Антибиотикийн хэрэглээ хэр байсан бэ?

- Хүүхэд шалтгаангүйгээр уйлах тохиолдол хэр байдаг вэ?

- Шажигнадаг тоглоомыг хэзээнээс сонирхсон бэ?

- Хэзээ ямар дуу авиаг анх гаргасан бэ?

- Баярлах, уурлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдлөл хэр байдаг вэ?

- Гэр бүлийн гишүүдээс хүүхэд хэнд нь илүү ханддаг вэ?

- Хүүхдийг анхаарал халамжаар дутаах буюу зөнд нь орхиж хаях явдал хэр гардаг вэ?

- Хүүхдийнхээ хүмүүжлийн асуудалд хэн илүү анхаардаг вэ?

- Хүүхэд цэцэрлэгтээ дуртай явдаг уу?

- Танихгүй хүнтэй холбоо тогтооход хүүхдэд тань бэрхшээл байна уу?

- Үеийнхэнтэйгээ тоглохдоо хэр идэвхтэй, санаачилгатай байдаг вэ?

- Дохиогоор өөрийгөө илэрхийлэх нь хэр вэ?

- Янз бүрийн дуу авиаг (машин, техник, амьтан) дуурайж дуугардаг уу?

- Хүүхэд ярьж чадахгүй байгаа хүндрэл ямар хэлбэрээр илэрч байна вэ?

- Хүүхдээс гарч байгаа ямар зан авир таны сэтгэлийг түгшээж байна вэ?

- Хүүхэд юу хийх дуртай вэ? (ном, зурагт, гар утас,.....)

- Гэртээ амьтан тэжээдэг үү?

- Хүүхэдтэйгээ хамт тоглодог уу?

- Зурах, баримлаар тоглох, наах зэрэгт дуртай юу?

ХҮҮХДИЙГ ЯАЖ ЯРИУЛЖ СУРГАХ ВЭ

Хүүхэд хэл ярианы хувьд заавал тодорхой үе шатыг туулж байж хэлд ордог. Төрөөд эхний 1 сартайгаасаа анхны авиагаа дуудаж, 1,5 сартайгаас ганганан гунганаж, 6 сар хүрмэгцээ шулганаж, 11 сартайгаасаа богино үеүдийг үргэлжлүүлэн дуудна. Энгийн богино өгүүлбэрийг ойлгодог болно. Харин 1-2 насандаа бусдын яриаг ойлгохыг хичээж, “ярих” бэлтгэлээ хангаж, үгийн нөөцөө бүрдүүлсээр байдаг. Заримдаа томчуудын хэлж байгаа үгийг дуурайн давтан хэлэх нь хэл ярианы хөгжлийн хамгийн идэвхтэй үе юм. Хүүхдийг ярьж сургахын тулд дараах алхмуудыг хийж хэвшүүлэх нь зүйтэй.

Хоёр наснаас хүүхдийн хэл яриа мэдэгдэхүйц хөгждөг учраас энэ үед хүүхдэд ном зохиол уншиж өгөх, дуу шүлэг заах, орчинтой танилцуулах, ойлгуулахыг хичээж ажиллах нь ургуулан бодох, сэтгэж ойлгох гинжин холбоосууд үүсэхэд нэн чухал нөлөөтэй. Ном зохиолтой танилцуулах үедээ сэтгэл хөдлөлтэй, баяр баясгалантай, эелдэг зөөлөн харилцахаа мартаж болохгүй.

Хэл засалч нар хэл яриаг хөгжүүлэх 2 дахь эрхтэн бол гарын сарвуу бөгөөд түүний хөгжил нэн чухал гэж үздэг. Үүний тулд энгийн резинэн тоглоомыг базах, гурил нухах, будаа ялгуулах, вандуй самрах, шүр хэлхэх, шагайгаар тоглох, товч товчлохоос гадна гарын сарвуунд массаж хийх, атгах, тэнийлгэх, чимхэх зэрэг үйл хийлгэх нь сайн дасгал болдог.

Байгаль дээрх болон эргэн тойрны дуу чимээг ялган сонсох, дуурайн дуугарах дасгал нь авиаг ялган сонсож, эх хэлээ танин мэдэх, зөв тод дуудлагатай болох суурь нь болдог байна.

Хүүхэдтэйгээ тоглохдоо ч аль болох дуу чимээ гаргадаг тоглоомыг сонгож байвал тустай. Бид хүүхдээ ярих “хэрэгцээнд” байнга оруулах талаар санаа тавих нь чухал. Жишээ нь, заавал нэг буюу түүнээс дээш үгээр хариулах шаардлагатай асуултыг олж тавихыг хичээнэ. Толгой дохих, сэгсрэх төдийхнөөр ярилцлагыг дуусгаж болохгүй. Энэ юу вэ, үүгээр юу хийдэг вэ, хэн хаанаас авч ирсэн бэ гэх мэт асуулт тавьж, хэрэв хүүхэд юу гэж хариулахаа мэдэхгүй байвал хүүхдийн өөдөөс харж, амны хайрцагны хөдөлгөөнийг харуулж байгаад хэлж өгч тусална. Энэ үед хүүхэд үгийг дагаж, зөв дуудах боломжтой болно.

ХҮҮХДИЙГ ӨГҮҮЛБЭРЭЭР ЯРЬДАГ БОЛГОХЫН ТУЛД ЯАХ ВЭ

Бид зөвхөн нэр үг, оноосон нэрийг цээжлүүлэх гэж оролдох нь өрөөсгөл юм. Учир нь нэр үгийг тооны болон тэмдэг нэрээр тодотгож, үйл үгтэй холбовол амилж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Үйл явдалтай үлгэр, уран зохиол, эргэн тойронд болон өөрт тохиолдсон үйл явдал бүхнийг ярьж, харилцахыг байнга хичээх. Эхний удаад 2 үгээс бүтсэн өгүүлбэрээр бодлоо илэрхийлэх боломж олгож, аажмаар үгийн тоог нэмэгдүүлэн, дэлгэрэнгүй өгүүлбэрээр яриулах. Тэмдэг нэр, тооны нэр, үйл үгийн хувирлыг хүүхэд ойлгож эзэмшээд ирэх үед холбоо үг бүтээлгэх чадварыг өргөжүүлэн нэмэгдүүлэх зэргээр ажиллана. Иймээс Таны хүүхдийнхээ хэл яриаг сайжруулах гэсэн оролдлого, үйл бүхэн тань хүүхдэд баяр баясгалан, танин мэдэхүйн агуу ертөнцийн үүдийг нээж, сэтгэлийн их хүчийг өгөх болно гэдэгт итгээрэй. Та бүхэнд амжилт хүсье.

Хэл засалч багш Ж.Мөнхнасан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна