2024/05/20

Гамшигт нэрвэгдсэн малчдад туслахыг уриалж, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

info@inder.mn
2023/05/24

 Энэ оны 5 дугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна. 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтэж, 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 120,6 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30-аад автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 61313 толгой мал хорогдсоноос адуу 3097, үхэр 5280, хонь 21451, ямаа 31470, тэмээ 15, Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 59303 толгой мал хорогдсоноос адуу 3252, тэмээ 13, үхэр 2067, хонь 28187, ямаа 25784 тус тус хорогдсон байна.

Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлажээ. Мөн байгалийн гамшигт нэрвэгдэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна. 

  • Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал хийж, нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан орон нутагт үхсэн малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн хэрэгцээнд нийт 400 ширхэг нэг удаагийн халдвар хамгаалалтын хувцас, 350 кг, сүпер гел, хайкоп халдваргүйтгэлийн бодис, ариутгалын спирт /денатурат/ нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн болон  орон нутаг сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая төгрөгийн яаралтай санхүүжилтийг олгохоор дэмжин  ажиллав.
  • Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, 
  • Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор болсон байна.

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна