2024/07/20

Ливи улсад болсон үерийн улмаас арван мянга орчим хүн сураггүй болжээ

info@inder.mn
2023/09/13

Өнгөрөгч ням гарагт Ливи улсад болсон үерийн улмаас 2300 хүн нас барж, 10 мянга орчим хүн ор сураггүй болоод байна.

Үерийн гамшигт хамгийн хүндээр нэрвэгдсэн Дерна хотод цунами адил түрэн орж ирсэн үерийн ус байшин барилгуудыг хамж урссанаас дөрвөн гүүр нурж, хотын ихэнх хэсэг усанд автжээ.

Хохирогчийн тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтайг "Улаан хавирган сар" нийгэмлэгээс мэдээлж байна.

Үерийн үеэрх аврах ажиллагаанд "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд очиж тусламж үзүүлж байна. Ливийн хөрш улс Египетээс тусламж ирсэн байна.

АНУ, Герман, Иран, Итали, Катар, Турк зэрэг улсаас мөн тусламж явуулсан, явуулахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

Гамшигтай тэмцэхэд саад учруулж байгаа нэг нөхцөл нь Ливи дэх улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн хоёр Pасгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас дорвитой шийдвэр гарах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хэдий байдал ийм байгаа боловч нийслэл Триполигийн зүгээс 14 тонн анхны тусламжийн хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүнийг 80 эмчийн хамтаар илгээсэн гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Дерна хот руу очих гол замууд үерт автаж, явах боломжгүй нөхцөл үүссэн тул тусламж очиход хүндрэлтэй байгааг аврах багийнхны зүгээс хэлж байгаа юм.

Одоогоор үерийн ус Дерна хотыг цунами мэт бүхэлд нь хамарч асар их хэмжээний сүйрэл тарьсны шалтгааныг шалгаж байна гэж холбогдох байгууллагаас мэдэгджээ.

Дерна хотыг сэргээн босгоход наанадаж 515 сая ам доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Ливийн ус сувгийн инженерийн тайлбарлаж байгаагаар Дерна хотоос 12 километрын зайд орших дээд далан задарч, алдсан ус нь хотын хажууханд байдаг даланг сэтэлснээс ийм үер болсон байх магадлалтай гэж "Би Би Си" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогийн байдлаар аврах багийнхан шуурхай ажиллаж байгаа ч Дерна хотын эмнэлэгт дахин өвчтөн авах боломжгүй болсон байна.

Ливийн энэ үер Хойд Африкийн улс оронд сүүлийн нэг долоо хоногт тохиолдсон хоёр дахь гамшиг болж байна. Хойд Африкийн Марокко улсад мөн өнгөрөгч долоо хоногт газар хөдлөлт болж, хэдэн мянган хүн амь насаа алдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна