Европын төв банк Пүрэв гарагт бодлогын хүүгээ хамгийн дээд түвшинд хүргэж өсгөлөө. Инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг 10 дахь сардаа дараалан өсгөж байгаа нь энэ юм. Бодлогын хүүгээ өнгөрсөн сарынхаас 0,25 хувиар өсгөж 4 хувьд хүргэж байгаа юм байна. Энэ удаагийн өсгөх шийдвэр сүүлийнх нь гэж найдаж байгаагаа Европын төв банкны шинжээчид илэрхийллээ. Энэ удаагийн бодлогын хүүгийн хэмжээ Европын Холбооны сүүлийн 20 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр нь болж байна. Тодруулбал, 1999 онд анх еврог гүйлгээнд ашиглаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн өнгөрсөн онд дөнгөж 0,5 хувьтай байсан түвшнээсээ эрс өссөн нь анхаарал татаж байна. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард энэ шийдвэрээ инфляцыг бууруулах гол алхам, цаашид шаардлагатай бол энэ түвшинд нь барих болно гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна “бодлогын хүүг энэ хүргээд өсгөхөө зогсооно гэж хэлэх аргагүй байна” гэжээ. Одоогийн байдлаар евро валютыг ашигладаг 20 улсын жилийн дундаж инфляц 5,3 хувьтай байна. Энэ нь Европын төв банкны зорилтот 2 хувиас хамаагүй илүү өндөр үзүүлэлт юм. Инфляц өндөр байгаагийн улмаас иргэдийн худалдан авах сонирхол, эрэлт буурч, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсныг тайлбарлаж байна. Нөгөө талдаа төв банкны бодлогын хүү өндөр байснаар иргэд болон бизнес эрхлэгчид зээл авч жижиг дунд бизнес, бүтээн байгуулалт хийх, зээлээр үл хөдлөх худалдан авахад ч хүндрэлтэй болж, эдийн засгийн дарамт үүсэх магадлалтай гэж анхааруулж байна. Мөн бодлогын хүү хэтэрхий өндөр байвал эдийн засгийн өсөлт улам удаашрах эрсдэлтэй байдгийг шинжээчид хэлдэг. Ямартай ч өнгөрсөн 8-р сард Европын Холбооны хамгийн том эдийн засагтай орнууд болох Герман, Франц, Испани, Италийн үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлт агшсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр Испани, Итали зэрэг улсад аялал жуулчлал их байсан ч эдийн засгийн ерөнхий зургаараа ингэж гарчээ. Нэн ялангуяа, Германы эдийн засаг хүндхэн нөхцөлд байна.
Мөн Европын Холбооны эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 0,1 хувиас дээрдээгүй нь эдийн засаг царцанги байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн еврогийн доллартой харьцах ханш улам суларсаар байгаагаас хөрөнгө оруулагчдыг, энэ онд Европын Холбоо болон Хятадын эдийн засаг уналттай гарч болзошгүй гэж дүгнэхэд хүргэж байна. Харин АНУ Европын Холбоотой харьцуулахад инфляцын түвшин бага, мөн энэ сардаа төв банкнаас нь бодлогын хүүгээ өсгөхгүй байх магадлал өндөр байгаа юм байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна