“Авгайг нь амьд үлдээгээрэй” гэж захиалсан хүн хэн бэ?

Олон нийт, С.Зориг агсны ар гэрийнхэн болон шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамааруулсан нотлох баримтуудыг ил болгохыг шаардаж, шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн.
Тэгвэл багагүй хугацааны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтийн шаардлагыг хүлээн авч, талийгаач С.Зоригийн хэрэгтэй холбоотой төрийн нууцад хамааруулсан зарим баримтыг ил болгохыг Тагнуулын ерөнхий газарт зөвшөөрчээ. Үүний хүрээнд өчигдөр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр С.Зоригийн хэрэгтэй холбоотой төрийн нууцад хамааруулсан зарим баримтыг олон нийтэд ил болов.
Тэгвэл ил болсон баримтуудаас үзэхэд, С.Зоригийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон “бас нэг эрэгтэй” гэсэн дөрвөн хүн хөнөөсөн нь тодорхой боллоо. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар хийсэн хэргээ нуун далдлах үүднээс дээр дурдсан “бас нэг эрэгтэй”-г гэр бүлийн гишүүдтэй нь хамт галдан шатааж, амь насыг нь хохироосон болох нь тодорхой болж байна. Мөн бичлэг дээрээс нэгэн зүйл тодорхой болж байгаа нь “С.Зоригийн авгайг битгий алаарай” гэж хэн нэгэн захиалсан явдал юм. Ерөөсөө С.Зориг амь насаа алдахад энэ хэрэг захиалагчтай гэдгийг улстөрчид ч тэр, албан тушаалтнууд ч тэр, олон нийт ч тэр хэлж байсан.
Мөн С.Зоригийн хэргийн анхан шатны шүүхийн хурлын дараа ч тэр энэ хэргийг захиалагчтай хэрэг болохыг шүүх бүрэлдэхүүн тогтоосноо олон нийтэд мэдээлсэн. Харин энэхүү захиалагч нь хэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Магадгүй С.Зоригийн хэргийн тэр захиалагч л “С.Зоригийн авгайг битгий алаарай” гэж С.Зоригийн амь насыг хөнөөх ажлыг гардан гүйцэтгэсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон амиа алддаг бас нэг эрэгтэй нарт хэлсэн байх.
Хуулиараа бол С.Зоригийн амь насыг захиалсан хүн ч ялын дээд хэмжээ авах ёстой. Тэгтэл онц ноцтой гэмт хэрэгтэнг хэн нэгэн албан тушаалтан хаацайлж байна гэж хардахад хүргэж байна. Уг нь С.Зоригийн хэрэгтнүүд илэрсэн энэ цаг үед захиалагчийг нь тогтоох шиг амархан зүйл баймааргүйсэн. Эсвэл Монголын төр хэрэг хийгээгүй хүмүүст ялын дээд хэмжээ өгч, ард түмний тархийг угааж байна уу. Тийм биш л байлтай. МҮОНРТ-ээр үзүүлсэн бичлэгээс харахад шүүгдээд байгаа хүмүүс С.Зоригийг хөнөөсөн гэмтнүүд мөн гэдгийг нийгэмд нотлон харууллаа. Нотлон харуулах зорилготой байсан нь ч дамжиггүй. Харин тэр нотлон харуулсан бичлэг дээр “С.Зоригийн авгайг битгий алаарай” гэж хэн нэгэн захиалсан нь тодорхой болж байна. Тэр захиалагч хэн байв, яагаад Д.Булганыг битгий хөнөө гэв.
Магадгүй тэр захиалагч Д.Булгантай холбоотой хүн байв уу, аль эсвэл Д.Булганд сайн хүн байв уу. Хэн мэдлээ, иймэрхүү таамгууд хөвөрсөөр. Тэрхүү захиалагч тодорхой болж гэмээнэ С.Зориг амь насаа алдахаас өмнө Э.Бат-Үүл түүний гэрт очсон, гарахдаа малгайгаа мартсан, малгай нь талийгаачийн орон доороос олдсон, Э.Бат-Үүл, Д.Булган нар амрагийн харилцаатай байсан гэх мэт олон нийтийн дунд өргөн тархсан олон сэжиг таамгуудын учир зангилаа тайлагдах биз.

Төгс
Share Button