2024/12/06

НҮБ-ын аюулгүйн зөвлөл олон улсын хууль сахиулах хүчнийг Хаити улс руу илгээхээр шийдвэрлэлээ

info@inder.mn
2023/10/04

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Хаити улсад дэг журам тогтоох зорилгоор олон улсын аюулгүй байдлын хууль сахиулах хүчнийг илгээх саналыг хэлэлцэн, тогтоол баталлаа. Энэ дагуу Кени улсаар удирдуулсан олон улсын хууль сахиулах тусгай хүчний анги энэ оны сүүлээр Хаити улсад очиж, тус улсын цагдаагийн хүчнийг дотоодын бүлэглэлүүдтэй тэмцэх, аюулгүй байдлаа сэргээн тогтооход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байна. Олон улсын зэвсэгт хүчин нэг жилийн хугацаанд Хаити улсад хууль сахиулах даалгавар гүйцэтгэнэ. Харин Аюулгүйн зөвлөл 9 сарын дараа ажиллагааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа биш, Карибын тэнгисийн Хаити улсад дэмжлэг үзүүлье гэсэн улс орнуудын санаачилгын хүрээнд хийгдэж тусгай даалгавар юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 13 гишүүн улс уг тогтоолыг дэмжсэн бол байнгын гишүүн Орос, Хятад хоёр түдгэлзжээ. Өнгөрсөн зун 1000 цэрэг илгээхээ амласан Кени улс тус ажиллагааг удирдан явуулах бол Карибын тэнгисийн Ямайка, Бахамын арлууд, Антигуа, Барбуда зэрэг улсууд мөн уг ажиллагаанд оролцохоо илэрхийлжээ.

Кени зэвсэгт хүчин нь олон улсад энхийг сахиулж, бүс нутгийн алан хядагч байгууллагуудтай тэмцэж байсан туршлагатай учир Хаитид аюулгүй байдал тогтоох чадвартай гэж үзэж байгаа юм байна. АНУ-ын засаг захиргаан энэ ажиллагаанд ложистикийн болон 100 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Аюулгүйн зөвлөлийн тогтоолд зааснаар олон улсын аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх тусгай хүчин олон улсын хуулийн дагуу аюулгүй байдлыг сэргээн тогтооход Хаити улсын цагдаагийн хүчнийг дэмжих бүх шаардлагатай арга хэмжээг авах юм байна. Бүгд найрамдах Хаити улсад өнгөрсөн 2021 оны 7-р сард ерөнхийлөгчийн амь насыг хороосноос хойш гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, улс төр, эдийн засгийн гүн хямралд орж, аюулгүй байдлын орчин нь эрс муудсан. Нийслэл хотын дийлэнх хэсэг гэмт бүлэглэлүүдийн мэдэлд орж, ерөнхий сайд нь нөхцөл байдлыг хянаж чадахгүйд хүрч улмаар олон улсын зэвсэгт хүчний тусламж хүссэн юм. Тус улсад сонгуулийн үйл явц хойшилсноос хүчирхийлэл, тогтворгүй байдал газар авсан гэж тус улсын түр засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Гэхдээ тус улсын эрх баригчид олон улсын хөндлөнгийн оролцоо оруулах эсэх дээр болгоомжилж байгаа, өмнө нь 2004 онд НҮБ-ын мандаттай ажиллагаа бэлгийн хүчирхийлэл, холерын тархалт зэргээс шалтгаалан үр дүн муутай байсаар 2017 онд зогссон. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан хамгийн сүүлийн тайлангаар Хаитид бүлэглэлүүдийн балмад үйл ажиллагааны улмаас энэ оны 8-р сарын 1-нээс 15ны хооронд 2400 гаруй хүн амь насаа алдаж, 951 хүн барьцаалагдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна